НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ АВТО ЗАСВАРЫН ГАЗРУУДЫН ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА

Засгийн газрын 2025 оны 184 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Салбарын хяналт шалгалтын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу энгийн болон аюултай хог хаягдал үүсгэгчдийн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран уулзалт зохион байгуулж, хэрэгжилтийг хангах чиглэлээр санал солилцов.

✅️Нийслэлийн хэмжээнд нийт 716 авто үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулж байгаагаас 113 нь хөдөлгүүрийн тос солих үйлчилгээ үзүүлж байна. Сүүлийн жилүүдэд авто засварын газар болон тос солих үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор техникийн ашигласан тос, тосолгооны материалыг тогтоогдсон цэгт, эрх бүхий байгууллагад шилжүүлэхгүй байх зөрчил түгээмэл илэрч байгаа талаар уулзалтаар онцоллоо.

✅️2023 онд улсын хэмжээнд хийгдсэн хяналт шалгалтын дүнгээр авто засварын үйл ажиллагаанаас сард дунджаар 43,000 литр техникийн тос үүсдэгээс 40 хувь (87 аж ахуйн нэгж) нь аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах, дахин боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий байгууллагад шилжүүлдэг байна.

✅️Харин авто засварын газруудын 40 хувь нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтгүй, 62 хувь нь тухайн жилийн байгаль хамгаалах төлөвлөгөөг батлуулаагүй зөрчил, дутагдалтай байжээ.

Техникийн ашигласан тос, аккумлятор нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолоор батлагдсан Аюултай хог хаягдлын жагсаалтын

➡️1603 дэд бүлэг (батарей, аккумлятор),

➡️1302 дэд бүлэг (хөдөлгүүр, хурдны хайрцаг, тосолгооны тосны хаягдал)-д тус тус хамаардаг.

Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нь өөрийн үйл ажиллагаанаас үүссэн аюултай хог хаягдлыг эрх бүхий байгууллагад, эсхүл тогтоосон тусгай цэгт хүлээлгэн өгөх үүрэгтэйг анхааруулж байна.