АРЬС ШИР, НООС НООЛУУРЫН САЛБАРЫН НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭНЭЭС ХИМИЙН ХОРТОЙ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫГ АРИЛГАХ GEP-8 ЦОГЦ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

2024.12.11

Даян Дэлхийн Байгаль Орчны Сан (GEF)-ийн GEF-8 цогц хөтөлбөрийн хүрээнд хувцас загварын болон барилгын салбарын нийлүүлэлтийн сүлжээнээс химийн аюултай бодисыг арилгах олон улсын хөтөлбөрийг 2025 оноос эхлүүлэх гэж байна. Энэхүү хөтөлбөр нь нийлүүлэлтийн сүлжээг ногоон, тогтвортой болгох, удаан задардаг органик бохирдуулагч химийн бодисын хэрэглээг тэглэх, хортой аюултай химийн бодисыг орлуулах шинэ бүтээгдэхүүнийг ашиглах, бүтээгдэхүүний мөшгөх тогтолцоонд ил тод байдлыг хангах, оролцогч талуудын мэдлэг, мэдээлэл, оролцоог сайжруулах, байгальд суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх замаар байгаль орчны доройтлыг бууруулах зорилготой.

Энэхүү хөтөлбөр нь есөн дэд төслөөс бүрдэх бөгөөд эдгээр нь Латин Америк ба Карибын бүсэд Коста Рика, Эквадор, Перу, Тринидад ба Тобаго; Ази, Номхон далайн бүсэд Камбож, Энэтхэг, Монгол, Пакистан улсуудад 2025-2031 онд хэрэгжинэ. Уг төслийн эхлэлийн нээлт болон удирдах зөвлөлийн эхний хурал Камбож улсын Сием Реап хотод болж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга оролцож байна. Олон улсын төслүүдийн уялдааг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр ханган ажиллана.

Манай улсын хувьд арьс шир, ноос, ноолуурын салбарын нийлүүлэлтийн сүлжээнд удаан задардаг органик бохирдуулагч бодисын ялгарал гарч буй эсэхийг шинжилж тогтоох, нийлүүлэлтийн сүлжээнд ашиглаж байгаа байгаль орчин хүний эрүүл мэндэд аюултай химийн бодисын хэрэглээг орлуулах боломжийг турших, нэвтрүүлэх, түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангах чиглэлд оролцогч талуудын мэдлэг мэдээллийг сайжруулах гол зорилгыг тавьж байна. Тухайлбал дэлхийн нийт түүхий ноолуурын нийлүүлэлтийн 40 хувийг дангаар хангадаг манай улсын хувьд түүхий эдийн нийлүүлэлтийн эхэн шатнаас буюу бэлчээр ашиглалтаас эхлэн химийн хортой бодисын ашиглалтгүй байлгаж чадвал органик, эрүүл мэндэд хор нөлөөгүй бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэдэг өндөр зэрэглэлийн зах зээл дэх байр сууриа тогтвортой хадгалах, хэрэглэгчдийн эрүүл мэндийг хамгаалах боломжтой болно.

Мал угаахаас эхлээд ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн явцад удаан задардаг органик бохирдуулагч (POPs) үүсэж байгаа эсэхийг тогтоох, эдгээр сүлжээн дэх химийн бодисын ашиглалтын мэдээллийн санг бий болгох, мөн шинжлэх-хянах лабораторийн чадавхыг бий болгох, бэлэн бүтээгдэхүүний чанарын мөшгөх тогтолцоог бүрдүүлэх, зарим аюултай химийн бодисыг орлуулах шинэлэг арга технологийг ашиглах, шинэ бүтээгдэхүүн гаргах, хаягдлыг багасгах, дахин ашиглалтыг дэмжих хэрэглэгчийн мэдлэг, зан үйлийг эерэг чиглэлд чиглүүлэх туршилтын төслүүдийг хэрэгжүүлснээр манай улсын бүтээгдэхүүн олон улсын зах зээлд тэргүүлэх байр суурь эзлэх боломж бүрдэнэ.