Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр салбарын хамтын ажиллагааны хувьд чухал байр суурь эзэлдэг Ази, номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын Түншлэл, хамтын ажиллагааны Гүйцэтгэх захирал Хирохито Тода болон дэд бүсийн газрын дарга Б.Ганболд нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийг бууруулах; хог хаягдлын дахин боловсруулалтыг сайжруулах замаар тойргын эдийн засаг (circular economy)-ыг хөгжүүлэх, гамшгийн эрсдэлээс сэргийлэхээс гадна салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон жилийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж ирсэнийг онцлов.
Түүнчлэн Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо тус байгууллагатай хамтран зохион байгуулсан 5 өдрийн дэд бүс нутгийн арга хэмжээнүүд ач холбогдол өндрөөс гадна бүсийн хэмжээнд манай улсыг сурталчилан таниулах, ялангуяа Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг олон улсын анхааралд хүргэхэд томоохон дэмжлэг болсоныг онцолж, дараагийн шатны хамтын ажиллагааны саналуудыг танилцуулав.
Талууд шар шороон шуурга, гамшгийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зэрэгт чиглэсэн бодит үр дүнг харуулах ажлуудыг хамтран санаачилж ирэх жилийн олон улсын хурлуудаар хэлэлцүүлэн, бүс нутгийн болон үндэсний хэмжээний манлайлал бүхий ажлуудыг ирэх оны 8 дугаар сарын 17-нд эхлэх Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үеэр танилцуулахаар тохиролцов.
Ази, номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын Түншлэл, хамтын ажиллагааны Гүйцэтгэх захирал Хирохито Тода ойрын хугацаанд Ази, номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын мэргэжлийн багийг Монгол Улсад урин ажиллуулах тухай монголын талын саналыг хүлээн авч нааштайгаар шийдвэрлэх, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэлд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлснээр уулзалт өндөрлөв.