БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэд дарга Ц.Сандаг-Очирын тушаалаар Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төслийг боловсруулж байна.
Энэ хүрээнд Ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр болж, төлөвлөгөөний төсөлд тусгах арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилттэй холбоотой санал, асуудлыг хэлэлцлээ.
Төлөвлөгөөний төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлж, холбогдох талуудаас үе шаттайгаар санал авсан.
Улмаар санал, хүсэлтийг нэгтгэн, төсөлд тусгахын зэрэгцээ хэрэгжүүлэх арга хэмжээний ач холбогдол, үр нөлөө, хэрэгжих боломжийг нарийвчлан үнэлж, төлөвлөгөөг улам боловсронгуй болгохоор ажиллаж байна.
Хурлын үеэр Үндэсний хорооны дэд дарга Ц.Сандаг-Очир агаарын бохирдлыг бууруулахад салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангаж, богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх цогц арга хэмжээг төлөвлөгөөнд бодитой тусгах чиглэл өглөө.
Түүнчлэн арга хэмжээ бүрийн хэрэгжүүлэгч байгууллага, санхүүжилтийн эх үүсвэр, хэрэгжүүлэх хугацаа, үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтийг тодорхой болгож, өмнөх жилүүдийн хэрэгжилтийн үр дүн, туршлага, сургамжид үндэслэн бодит үр дүнд чиглэсэн төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болголоо.