Аймаг, нийслэлийн хэмжээнд авто засвар, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулсан “Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах арга зам” сэдэвт сургалтыг Байгаль орчны улсын хяналтын газраас өнөөдөр (2026.04.24) зохион байгууллаа.
Сургалтын нээлтийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нээж, авто засвар, үйлчилгээний салбарт байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, илэрч буй нийтлэг зөрчлийг бууруулахад бодит өөрчлөлт хийх шаардлагатайг онцоллоо.
Тэрбээр авто засвараас үүсэх ашигласан тос, масло, химийн гаралтай аюултай хог хаягдлыг зохих журмын дагуу ангилан ялгах, хадгалах, тээвэрлэх нь хөрс, усны бохирдлоос урьдчилан сэргийлэх үндсэн нөхцөл болохыг тэмдэглэж, аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцлагаа нэмэгдүүлэхийг уриалсан юм.
Тус сургалт нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 184 дүгээр тогтоолоор баталсан “Салбарын хяналт шалгалтын төлөвлөгөө”-ний хүрээнд 2026 онд хэрэгжүүлж буй сургалтын хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдсан бөгөөд авто засвар, үйлчилгээний салбарт үүсэж буй хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой юм.
Байгаль орчны улсын хяналтын газар Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран нийслэлийн хэмжээнд авто засвар, үйлчилгээ эрхэлж буй 616 объектыг хамруулан төлөвлөгөөт бус хяналт шалгалт зохион байгуулсан байна. Шалгалтаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, хог хаягдлыг ангилан ялгадаггүй, хог тээвэрлэх гэрээгүй, аюултай хог хаягдлыг бүртгэдэггүй, зориулалтын сав, нөхцөлд хадгалдаггүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.
Мөн авто засварын үйл ажиллагаанаас үүсэх ашигласан тос, масло, будаг, лак, тос шүүр, бохирдсон алчуур зэрэг хог хаягдал нь зориулалтын дагуу хадгалагдаагүй тохиолдолд хөрс, ус, орчны бохирдол үүсгэх өндөр эрсдэлтэйг онцолсон байна.
Сургалтын хүрээнд аюултай хог хаягдлын менежмент, нефтийн бүтээгдэхүүний гаралтай бохирдуулагч, галын аюулгүй байдал, авто засвар үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг хариуцлага, дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах аргачлал зэрэг сэдвээр мэдээлэл өгч, зөвлөмж хүргэв.
Байгаль орчны улсын хяналтын газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хог хаягдлын тухай хууль тогтоомжийг чанд мөрдөж, аюултай хог хаягдлыг ангилан ялгах, бүртгэх, зориулалтын дагуу хадгалах, тээвэрлүүлэх үйл ажиллагаанд хариуцлагатай хандахыг уриаллаа.