#БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТ-2026
Тус яамны Байгаль орчны улсын хяналтын газраас Төрийн нарийн бичгийн даргын баталсан 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/28 “Томилолтоор ажиллуулах тухай” тушаалын дагуу салбарын хэмжээнд тулгамдсан асуудал болон төрийн хяналтын үйл ажиллагааны хэрэгжилтийн байдалд хяналт тавих, газар дээр ажиллаж холбогдох асуудлыг судлан танилцуулах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор Сүхбаатар, Хэнтий аймгуудад Байгаль орчны улсын хяналтын газраас ажлын хэсэг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 08-ны өдрүүдэд томилолтоор ажиллаж дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Сүхбаатар аймгийн хэмжээнд байгаль орчны хяналтыг хэрэгжүүлж буй аймаг, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт Засгийн газрын 2025 оны 184 дүгээр тогтоолоор батлагдсан салбарын хяналт шалгалтын 2026 оны хяналт шалгалтын төлөвлөөний дагуу хяналт шалгалтын чиглэл, анхаарах асуудалаар мэдээлэл өгч, улсын (ахлах) байцаагч нарын 2025 онд үйлдсэн хяналт шалгалтын баримт бичгийн байдалд үзлэг шалгалт явуулж, Төрийн хяналт шалгалтын тухай, Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолоор батлагдсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын хэрэгжилтийг шалгасан.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дэвсгэрт байрлах Дарьгангын байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны 2025, 2026 оны хяналт шалгалтын үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй танилцаж, хуулиар эрх олгогдсон байгаль орчны хяналтын улсын байцаагч болон улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч нарын 2025 онд үйлдсэн хяналт шалгалтын баримт бичгийн байдалд үзлэг шалгалт явуулан Төрийн хяналт шалгалтын тухай, Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолоор батлагдсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын хэрэгжилтийг шалгасан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй Ганга нуурыг хамгаалах, нөхөн сэргээх цогц ажлын хүрээнд нуурыг бохирдол, ширгэлтээс хамгаалах, усны урсац, тэжээлийг нэмэгдүүлэх 2 дугаар шатны төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж ажилласан. Мөн тус хамгаалалтын захиргааны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий төслийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх талаар чиглэл хүргүүлсэн.
Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2026 оны 01/02 дугаартай урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт байрлах ус, рашаан ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг сурталчлах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын ахлах байцаагчийн зөвлөмжийг аймгуудын байгаль орчны газарт хүргүүлэв.
Хэнтий аймгийн Байгаль орчны газар, Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын тамгын газар, Хэнтий аймгийн Байгаль орчны газар, Гутайн даваа-Хөмүүл голын эхийн хамгаалалтын захиргаа, Онон-Балжийн хамгаалалтын захиргаа, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн газартай хамтран Батширээт, Биндэр сумдын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийн хамгаалалтын захиргаа, Онон-Балжийн хамгаалалтын захиргаатай хамтран Гутайн даваа-Хөмүүл голын эхийн тусгай хамгаалалттай газарт холбогдох асуудлаар ажиллаж. мэдээллийг нэгтгэн боловсруулж ажилласан.
Гутайн даваа-Хөмүүл голын эхийн хамгаалалтын захиргаа, Онон-Балжийн хамгаалалтын захиргаадын 2025, 2026 онд хийж гүйцэтгэсэн хяналт шалгалтын мэдээлэлтэй танилцаж, хуулиар эрх олгогдсон байгаль орчны хяналтын улсын байцаагч болон улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч нарын 2025 онд үйлдсэн хяналт шалгалтын баримт бичгийн байдалд үзлэг шалгалт явуулан Төрийн хяналт шалгалтын тухай, Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолоор батлагдсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын хэрэгжилтийг шалгасан.
Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дэвсгэрт байрлах Онон голын гүүрний бүтээн байгуулалтын явцад төсөл хэрэгжүүлэгч нь голын голдирол өөрчилсөн, дэд бүтцийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийгээгүй нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албан тушаалтанд хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар чиглэл хүргүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлэл авч ажилласан.
Ажлын хэсэг орон нутагт ажиллах явцад дараах саналыг холбогдох харьяа байгууллагаас хүргүүлсэн байна. Үүнд:
Хэнтий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс байр ашиглалтыг зардлыг нэмэгдүүлэх
Биндэр сумын ус, цаг уурын барилгын төсвийг шийдвэрлүүлэх асуудал
Орон нутгийн байгаль орчны газар болон тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадаас хог хаягдлын зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа цахим төхөөрөмж ашиглах нөхцөл болзолоор хангах
Гутайн даваа-Хөмүүл голын эхийн хамгаалалтын захиргааны байршлыг өөрчлөх асуудал
Онон-Улз голын сав газрын захиргааны байршлыг өөрчлөх зэрэг асуудлыг ажлын хэсэгт тус тус өгсөн байна.
БАЙГАЛЬ ОРЧНЫ УЛСЫН ХЯНАЛТЫН ГАЗАР