БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ТОГТВОРТОЙ АШИГЛАЛТ БҮХИЙ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ТЭСВЭРТЭЙ МАЛ АЖ АХУЙГ ДЭМЖИХЭД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2026.03.27

“Байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт бүхий уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал аж ахуйг дэмжихэд хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр (2026.03.27) боллоо. Санамж бичгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн дарга М.Болдоо нар үзэглэв.

Талууд байгалийн нөөцийн тогтвортой ашиглалтад суурилсан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадвартай мал аж ахуйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Талууд салбар дундын бодлого, стратегийн уялдааг хангах, судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх, туршилт, загвар төсөл хэрэгжүүлэх, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, чадавхжуулах, сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэхэд хамтын ажиллагаагаа чиглүүлж ажиллах юм.

Мөн тус хамтын ажиллагааны хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийн үнэ цэнийг тодорхойлох, бэлчээрийн зохистой менежментийг дэмжих, малчны ногоон шилжилтийн санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх, нүүрстөрөгчийн шингээлт болон экосистемийн үйлчилгээний үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудыг хамтран хэрэгжүүлнэ.

Түүнчлэн ногоон санхүүжилт, урамшууллын тогтолцоог бий болгох, салбарын мэргэжилтэн, орон нутгийн иргэд, малчдад зориулсан сургалт, мэдээлэл солилцооны ажлыг өргөжүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллах юм.

Энэхүү санамж бичиг нь гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж, талуудын харилцан тохиролцсон хугацаанд хэрэгжинэ.