Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний бодлого, стратегийн хэрэгжилтийг дэмжих санхүүжилтийн эх үүсвэр, боломжит шийдлийг тодорхойлох зорилготой “Биологийн олон янз байдлын санхүүжилт: Төлөвлөгөө ба шийдэл” хэлэлцүүлэг (2026.03.26) зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр үг хэлэхдээ “Монгол Улс байгалийн өв, экосистемийн хувьд дэлхийд онцгой байр суурь эзэлдэг. Газар нутгийн 20.8 хувь нь улсын тусгай хамгаалалтад хамрагдсан нь дэлхийн хэмжээнд чухал хамгаалалтын сүлжээний нэг юм.
Гэвч уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр биологийн олон янз байдалд учрах дарамт нэмэгдэж байна. Иймд зөвхөн зорилт тодорхойлохоос гадна эдгээрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн тогтолцоог бодитоор бүрдүүлэх шаардлагатай байна” хэмээн онцлов.
Мөн тэрбээр “Биологийн олон янз байдлыг хамгаалах асуудлыг зөвхөн зардал гэж бус, урт хугацааны өгөөж бүхий хөрөнгө оруулалт гэж харах хандлага дэлхий даяар төлөвшиж байна. Монгол Улс ч энэ чиг хандлагад нийцсэн санхүүжилтийн шинэ механизм, олон эх үүсвэрт тулгуурласан тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай” гэдгийг тэмдэглэлээ.
Хэлэлцүүлгээр 2022 онд батлагдсан Куньмин-Монреалын дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээ болон Монгол Улсын 2026-2030 оны стратеги, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад шаардлагатай санхүүжилтийн асуудлыг хэлэлцэж, оролцогч талуудын санал, зөвлөмжийг нэгтгэлээ.
Мөн төр, хувийн хэвшлийн түншлэл, олон улсын санхүүжилт, шинэлэг санхүүгийн механизм, тогтвортой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр бодит шийдлүүдийг тодорхойлох чиглэлд санал солилцов.
Хэлэлцүүлгийн үр дүн нь биологийн олон янз байдлын санхүүжилтийн төлөвлөгөөг эцэслэн боловсруулах, цаашлаад Монгол Улсад зохион байгуулагдах олон улсын арга хэмжээ, тухайлбал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д дэвшүүлэх бодлого, шийдлийн суурь болох ач холбогдолтой юм.