БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР БНТУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ БАШАК ГЭНЧ ЮКСЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

2025.08.22

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хатагтай Башак Гэнч Юксэлийг 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Сайд Б.Батбаатар энэ оны 01 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНТУ-ад хийсэн төрийн айлчлалын үеэр байгаль орчин, ойн аж ахуй, эгч дүү паркийн харилцаа тогтоох зэрэг байгаль орчны чиглэлээр 3 баримт бичиг байгуулсныг дурдаж, хоёр орны байгаль орчны салбарын хамтын ажиллагаанд чухал түүхэн он болж байгааг онцоллоо.

Элчин сайд Хатагтай Башак Гэнч Юксэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНТУ-д хийсэн айлчлалыг хоёр орны харилцааны түвшин өргөн цар хүрээтэй ахисныг цохон тэмдэглээд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгуулсан баримт бичгүүдийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

COP17-ын хүрээнд хамтын ажиллагааг илүү гүнзгийрүүлэх, Монгол Улсад олон улсын анхаарал татахуйц санаачилгуудыг бодит ажил болгох, тэр дундаа Турк Улсын 2016 оноос эхлэн UNCCD-тэй хамтран хэрэгжүүлсэн “Анкара санаачилга”-ын адил МУ-ын санаачилж буй санаачилгуудыг олон улсын түвшинд дэвшүүлэх ажлын хүрээнд хамтран ажиллах боломж бололцоог хэлэлцлээ.

Түүнчлэн цаг агаарын шинжилгээ, урьдчилсан мэдээ, мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Туркийн Цаг уурын байгууллага (TSMS)-тай стратегийн түвшний хамтын ажиллагаа эхлүүлэх саналыг дэвшүүлэв.

Элчин сайд Хатагтай Башак Гэнч Юксэл хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах COP17-ын бэлтгэл ажил, хамтын оролцооны түвшинд Турк Улсын арвин туршлагаас хуваалцахаас гадна, цаашид бүхий л чиглэлээр дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Хоёр орны байгаль орчин, цаг уурын салбар дахь хамтын ажиллагаа цаашид шинэ шатанд гарч, бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ач холбогдолтой уулзалт болж өндөрлөлөө.