БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР: МОНГОЛ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХЭМЖЭЭ 20.8 ХУВЬД ХҮРНЭ

2025.09.24

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын 2020 оны 46 дугаар тогтоолыг хэлэлцлээ.

Монгол Улс 1992 онд батлагдсан “Биологийн олон янз байдлын конвенц”-д нэгдэн, газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авах амлалт өгсөн анхны орон болсон. Энэ хүрээнд “Алсын хараа–2050” хөгжлийн бодлогод 2030 он гэхэд 30 хувь, 2050 он гэхэд 35 хувьд хүргэх зорилтыг тусгасан. Мөн 2019, 2020 оны УИХ-ын тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дүгээр зүйлийн 26.6 дахь хэсэгт заасны дагуу нийт 19 газрын хилийн заагийг батлуулах асуудлыг Засгийн газарт даалгасан байдаг.

Өнөөдрийн хуралдаанаар байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн зааг буюу эргэлтийн цэгт ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай, өвөлжөө, хаваржааны давхцалтай хэсгийг хасаж, нийт 19 газрын хилийн заагийг тогтоолоо.

Эдгээр газрын хилийн заагийг баталснаар тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 1.5 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 20.8 хувь буюу 32.5 сая га талбай хамгаалалтад хамрагдах юм.