БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очироор ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн ЗААМАР суманд ажиллав

2026.06.02

Уул уурхайн салбар дахь байгаль орчны менежментийг сайжруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хүний аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн албан даалгаврыг холбогдох яамд, агентлаг болон аймгийн Засаг дарга нарт хүргүүлсэн.

Энэ хүрээнд Салбарын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу Төв, Баянхонгор, Дорноговь аймагт үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн компаниуд холбогдох хууль, тогтоомжийг дагаж мөрдөж буй эсэхийг шалгах чиг үүрэг бүхий 3 ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран байгууллаа.

Яг одоо БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очироор ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хэрэгжилт болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан хайгуулын цооног, ухсан нүхийг хаах, аюулгүй байдлыг хангах, нөхөн сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн эсэхийг шалгаж байна.

Тодруулбал, бага насны хүүхэд цооногт унаж амь насаа алдсан харамсалтай хэрэгтэй холбогдуулан Төв аймгийн Заамар сум дахь "Рэдвулкан" ХХК-ийн MV-015479 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд БОУАӨЯ, АҮЭБЯ-ны хамтарсан ажлын хэсэг тус газарт хяналт шалгалт хийж байна.

"Рэдвулкан" ХХК нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан ажлыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэрэгжилтийг журамд заасны дагуу дүгнүүлээгүй, ашиглалтын талбайд хайгуулын ажил гүйцэтгэхдээ холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдээгүйгээр үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчил гаргасан байна.

Мөн хайгуулын өрөмдлөгийн явцад хөдөлмөрийн аюулгүй байдлыг дагаж мөрдөөгүй, холбогдох хууль, журмын дагуу үйл ажиллагаа эрхлэх зохих зөвшөөрөл аваагүй, хайгуулын ажлын улмаас үүссэн өрөмдлөгийн нүх, цооногийг бүрэн булж битүүмжлээгүй, үүний улмаас хүний амь нас хохирох эрсдэлт нөхцөл байдлыг бий болгосон нь тогтоогдоод байна.

Хяналт шалгалт үргэлжилж байгаа бөгөөд шалгалтын дүнг үндэслэн хүн, мал амьтан, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээг шат дараатай гүйцэтгэж байна.