Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр ирэх жилийн 8 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл хангах, төлөвлөлт хийх зорилго бүхий конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Энэ удаагийн төлөвлөлтийн баг Монгол Улсын Засгийн газар болон Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар хооронд байгуулсан “Хүлээн авагч улсын хэлэлцээр”-ийн дагалдах хавсралтуудыг тохирох, Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах байгууламжийн дотоод зохион байгуулалт, өндөр дээд төлөөлөгчдийг хүлээн авах болон олон улсын хэмжээнд хамтран Монгол Улсыг сурталчлах боломж бүхий хурлуудад хамтрах талаар түлхүү анхаарах ажиллана.
Конвенцын газрын төлөвлөлтийн баг болон монголын төрийн байгууллагууд хамтран өдөр гүйцэтгэх ажлын төлөвлөгөөтэй танилцаад Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр энэ жилдээ багтаан харилцан тохиролцох шаардлагатай асуудлуудыг онцгойлон анхаарч ажиллахыг чиглэл болголоо. Мөн Талуудын бага хуралд хүүхэд, залуучууд, нутгийн иргэд, малчид, иргэний нийгмийн байгууллагууд болон хувийн хэвшил зэрэг бүхий л төрлийн оролцогчдыг оролцуулах, тэдний оролцооны санхүүжилтийн ач холбогдолыг илэрхийлсэн бөгөөд конвенцын талаас бүрэн дэмжин ажиллахаа нотлов.
Хамтарсан багууд Монгол Улсад 5 өдөр ажиллан, гүйцэтгэлийн тайлангаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Талуудын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хороонд танилцуулах бөгөөд ирэх жилийн төлөвлөлтийг боловсруулна.