МОНГОЛ УЛС ДАХЬ ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024.10.08

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Жендэрийн Үндэсний Хороо хамтран хөгжлийн түншлэгчдийн уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтыг нээж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга хэлсэн үгэндээ уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн хомсдол нь хот, хөдөөгийн бүх насны эрэгтэй, эмэгтэй хүмүүст нөлөөлж, тэгш бус байдал, ажилгүйдэл, ядуурал, шилжилт хөдөлгөөн зэрэг нийгмийн асуудлуудыг хурцатгах хүчин зүйлс болж буйг онцолсон.

Уулзалтаар үндэсний түвшинд хэрэгжиж буй жендэрийн бодлого төлөвлөлтийн талаар болон байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээрх үйл ажиллагаа, үр нөлөөний талаар мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг хийлээ.

“Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх, эрсдэлийн менежментийг сайжруулах төсөл (ADAPT) “, “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төсөл (ENSURE)”, “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төслүүдийн төлөөлөл мэдээлэл, туршлагаа хуваалцав.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбар нь жендэрийн стратегийг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг анхлан санаачлагчдын нэг бөгөөд жендэрийн салбар зөвлөлийг байгуулж, жендэрийн мэргэжилтнийг томилон ажиллуулж байгаа юм.