Европын Холбооны Свич-Эйшиа хөтөлбөрийн санхүүжилттэй "Монгол Улсад Хуванцар Дахин Боловсруулалтын Тогтвортой Байдлыг хангах" төсөл 4 дэхь жилдээ хэрэгжиж байна. Төслийг хэрэгжүүлэгч Каритас Чех Репаблик ОУБ болон хамтран хэрэгжүүлэгч багийн зүгээс энэхүү хугацаанд хуримтлуулсан үнэ цэнтэй мэдлэг, судалгаа, зөвлөмж, төслийн үр дүнд бий болсон сайн туршлагуудаа хуваалцаж, Монгол улс дахь хог хаягдлын менежментийн ирээдүйн тогтвортой байдлыг хангах зорилгоор энэхүү хөтөлбөрийг хоёр дахь удаагаа зохион байгууллаа.
Хөтөлбөрт 21 аймгаас ирүүлсэн 100 орчим хүсэлтээс сонгон шалгаруултад тэнцсэн 32 оролцогч хамрагдаж, дөрвөн өдрийн турш Улаанбаатар хот болон Булган аймгуудад хог хаягдлыг салбарыг цогцоор нь олон талаас нь судалж, баялаг мэдлэг туршлага хуримтлууллаа.
Хөтөлбөрийн эхний өдрийн сургалтаар хог хаягдлын менежментийн өнөөгийн нөхцөл байдал, хууль эрхзүйн орчин, тулгамдаад буй асуудлууд түүнийг шийдвэрлэж буй дэлхийн чиг хандлагатай танилцсан бол хоёр дахь өдөр хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдээр зочилж, хог хаягдлын ангилалт, цуглуулалт, тээвэрлэлтийн системийн тогтолцоо болон хэрхэн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж буй процесстой танилцсан юм.
Хөтөлбөрийн дараагийн хоёр өдөр Булган аймагт үргэлжилсэн бөгөөд энд сумын түвшинд хог хаягдлаа зохицуулж чадсан Хишиг-Өндөр сумын сайн жишиг болон Хутаг-Өндөр сумын алслагдмал Хантай баг дээр ирж, тэдний туршлага, замнал, тулгарсан бэрхшээл, түүнийг даван туулсан амжилттай арга замуудаас суралцлаа.
Ингээд энэ өдрүүдэд судалсан мэдлэг туршлагаа нэгтгэж, хэрхэн өөрсдийн сум орон нутагтаа оновчтой, үр дүнтэй хэрэгжүүлэх талаар мэргэжлийн багш нарын зөвлөгөө, дадлага ажлуудад хамрагдаж, өөр хоорондоо туршлагаа солилцсоноор хөтөлбөрөө өндөрлүүллээ.
"Манай сум хогны асуудалтай" гэдэг үг оролцогч бүхэнд байсан ч эх үүсвэр дээр нь хогоо ангилахаас эхлээд хог хаягдлын асуудлыг нэгдсэн системд оруулж, бодит өөрчлөлт авчрах хэрэгжүүлэгчид нь байна гэдэгт итгэлтэй байна. Бүх төгсөгчиддөө амжилт хүсье!
Sustainable Plastic Recycling in Mongolia