“МОНГОЛЫН УС, УНДААНЫ САЛБАРЫН ТОГТВОРТОЙ САВ БАГЛАА БООДЛЫН ФОРУМ 2026” БОЛЛОО

2026.06.16

Улаанбаатар хотноо өнөөдөр “Монголын ус, ундааны салбарын тогтвортой сав баглаа боодлын форум 2026” зохион байгуулагдаж, сав баглаа боодлын хог хаягдлыг бууруулах, дахин ашиглалт болон дахин боловсруулалтыг нэмэгдүүлэх, Үйлдвэрлэгчийн өргөтгөсөн хариуцлага (ҮӨХ)-ын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшил, иргэний нийгэм болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Тус форумыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам бодлогын хүрээнд дэмжин, Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) угтан хэрэгжүүлж буй “Хуванцаргүй COP17” аяны хүрээнд тус аяны түнш байгууллага болох “Хог хаягдалгүй Монгол” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

Форумын нээлтийн үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын дарга Г.Энхмөнх хэлсэн үгэндээ Хог хаягдлын тухай хуульд 2017 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үйлдвэрлэгчийн Өргөтгөсөн Хариуцлагын тогтолцооны суурь тавигдсан хэдий ч эрх зүйн орчин, хэрэгжилтийн механизм хангалтгүй хэвээр байгааг онцоллоо. Тэрбээр тойрог эдийн засгийн зарчимд нийцсэн, дахин ашиглах болон дахин боловсруулах боломжтой сав баглаа боодлын менежментийг бүрдүүлэхийн тулд үйлдвэрлэгчдийн өргөтгөсөн хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгож, бодит үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байгааг тэмдэглэв.

Форумын үеэр ус, ундааны салбарын сав баглаа боодлын тогтвортой менежментийн чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлага, олон улсын жишээ, хувийн хэвшлийн санаачилга болон төрийн бодлогын шинэчлэлийн талаар хэлэлцэж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг тодорхойлов.

Энэхүү форум нь Монгол Улсад тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжих, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, хуванцар бохирдлыг бууруулах, тойрог эдийн засгийн шилжилтийг эрчимжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахын зэрэгцээ “Хуванцаргүй COP17” аяны зорилтыг хэрэгжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой арга хэмжээ болж байна.