Монгол Улсын судлаачид олон улсын конвенцын шинжлэх ухааны байгууллагын бүтцэд сонгогдлоо
Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 15 дугаар бага хурал (CMS COP15) Бразил Улсын Кампо Гранде хотод 2026 оны 3 дугаар сарын 23–29-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Дэлхийн 100 гаруй улсын Засгийн газар, олон улсын байгууллага, судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл энэхүү хуралд оролцож, нүүдлийн амьтдыг хамгаалах дэлхийн бодлого, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлов.
Хурлаар нүүдлийн амьтдын хамгааллын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, нийт нүүдлийн зүйлүүдийн 49 хувь нь буурч, 24 хувь нь устах аюулд орсныг онцлон тэмдэглэлээ. Гэсэн хэдий ч олон улсын хамтын ажиллагааны үр дүнд зарим зүйл, тухайлбал бөхөнгийн хамгааллын байдал сайжирсан эерэг үзүүлэлт гарсныг мөн дурдав.
COP15-аар 50 гаруй шийдвэр баталж, 40 гаруй зүйл, дэд зүйл, популяцийг конвенцын хавсралтад шинээр бүртгэв. Мөн нүүдлийн амьтдыг хууль бусаар агнах, ашиглахтай тэмцэх “Global Initiative on the Taking of Migratory Species” санаачилгыг эхлүүллээ.
Энэ удаагийн хурлын онцлох үр дүнгийн нэг нь Монгол Улсаас нэр дэвшсэн судлаачид конвенцын шинжлэх ухааны бүтэц дэх чухал албан тушаалд сонгогдсон явдал байв.
Конвенцын Шинжлэх ухааны зөвлөлийн Хуралдааны хорооны Азийн бүсийн төлөөллөөр Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн ахлах судлаач, доктор Б.Бүүвэйбаатар, Хуурай газрын хөхтөн амьтны асуудал хариуцсан зөвлөхөөр ХБНГУ-ын Сенкенбергийн байгалийн нөөцийн нийгэмлэгийн судлаач, доктор Д.Нандинцэцэг нар тус тус сонгогдов.
Энэхүү шийдвэр нь Монгол Улсын шинжлэх ухааны оролцоо, нэр хүнд олон улсын түвшинд бэхжиж байгааг илтгэж байна.
Монгол Улс цаашид нүүдлийн амьтдын хамгааллыг сайжруулах чиглэлээр Төв Азийн хөхтөн амьтны санаачилга (CAMI), идлэг шонхор шувууны олон улсын төлөвлөгөө, талын бүргэд, тоодогийн хамгааллын хөтөлбөрүүд, нүүдлийн шувуудын замын түншлэл, хил дамнасан хамгаалалтын бүсүүдийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохоо илэрхийллээ. Мөн дэд бүтцийн сөрөг нөлөөг бууруулах, судалгаа, мониторингийг сайжруулах, өгөгдөлд суурилсан бодлого боловсруулах чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов.
Тус хурал нь нүүдлийн амьтдыг хамгаалахад экологийн коридорыг бий болгох, холбоос нутгийг хамгаалах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих шаардлагыг онцолж, конвенцын хэрэгжилтийг Даян дэлхийн биологийн олон янз байдлын Куньмин-Монреалийн хүрээний зорилтуудтай уялдуулан хэрэгжүүлэхийг онцоллоо.