Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд хэрэгжиж буй Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ын Хамтарсан хорооны Монгол талын гишүүдийн VII хурал Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд амжилттай боллоо.
Хурлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзийг Хамтарсан хорооны Монгол талын даргын үүрэгт ажилд гишүүдийн саналаар томилох шийдвэр гарсан байна. Харин Хамтарсан хорооны Япон талын даргаар Япон Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөх ноён Кондо Казумаса ажиллаж байна.
ХКОМ-ын Хамтарсан хороо нь Монгол Улс болон Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсан механизмын хэрэгжилтийг хангах, дүрэм журмыг батлах, төсөл, арга хэмжээг сонгох, бодлого боловсруулах, удирдлагаар хангах болон шийдвэр гаргах түвшинд ажилладаг хоёр улсын хамтарсан удирдлагын гол бүтэц юм.
Хамтарсан Кредит Олгох Механизм нь Монгол Улсад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах бодлого, үйл ажиллагааг бодитоор дэмжиж, Парисын хэлэлцээрийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Хамтарсан хорооны Монгол талын дарга Б.Бат-Өлзий хурлын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ:
“ХКОМ нь Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн олон улсын хамтын ажиллагааны хамгийн үр дүнтэй механизмын нэг юм. Цаашид төслүүдийг өргөжүүлж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэн, ил тод, шинжлэх ухаанд тулгуурласан шийдвэр гаргахын төлөө хамтдаа ажиллах болно” хэмээн онцоллоо.