Ш.БАТБАЯР: ИРЭХ САРУУДАД МОНГОЛ УЛС АСУУДАЛТАЙ ОРОН БИШ-ШИЙДЭЛ САНАЛ БОЛГОГЧ, МАНЛАЙЛАГЧ УЛС ГЭДГЭЭ ХАРУУЛАХ ЁСТОЙ

2026.02.09

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн үндэсний нээлтийн арга хэмжээнд үг хэлж, салбарын бодлогын чиглэл, зорилтоо танилцууллаа.

Эрхэм хүндэт зочид оо, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ясмин Фуад, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд эрхэм Бадамсүрэн, Эрхэм элчин сайдууд,

Хүндэт ноёд, хатагтай нараа, Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас зарласан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн үндэсний нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

2026 он бол монголын нүүдэлчин соёл, байгальтайгаа зохицон амьдрах ухаан, олон мянган жил хадгалагдсан өв уламжлалыг дэлхий дахинд дахин таниулах онцгой жил юм.

Бид өнөөдөр зүгээр нэг газар нутгийн тухай ярьж байгаа хэрэг биш.

Харин тэр газрыг үеийн үед хамгаалж, ухаалгаар ашиглаж ирсэн ард түмний мэдлэг, соёл, үнэт зүйлийг бататган илэрхийлж байна.

Бэлчээр бол “хоосон тал” биш. Энэ бол хүнсний аюулгүй байдал, биологийн олон янз байдал, нүүрстөрөгчийн тэнцэл, орон нутгийн амьжиргааг цогцоор нь тэтгэгч стратегийн баялаг.

Дэлхийн хуурай газрын бараг 50 хувь нь бэлчээр, хээрийн экосистемээс бүрдэж,

800 сая хүний амьжиргааг шууд, 1 тэрбум гаруй хүний хүнсний хангамжийг дам байдлаар дэмжиж байна. Гэвч энэ экосистем уур амьсгалын өөрчлөлт, ган, дулаарал, тогтворгүй газар ашиглалтын улмаас ноцтой эмзэгшиж байна. Өнөөдөр дэлхийн газрын 40 хүртэлх хувь доройтолд орж, 3.2 тэрбум хүний амьдралд шууд нөлөөлж байна.

Жил бүр 12 сая га эрүүл газар алдагдаж,

ган, үер, шороон шуурганы эсрэг байгалийн хамгаалалт суларсаар байна. Газрын доройтол нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 20–25 хувийг бүрдүүлдэг том эх үүсвэр болжээ. Энэ бол зөвхөн байгаль орчны асуудал биш-эдийн засаг, хүнс, усны аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлын асуудал.

Монгол Улсын хувьд энэ сорилт бүр ч бодит.

Манай газар нутгийн 76 хувь нь доройтолд өртөж, бэлчээрийн 65 орчим хувь нь өөр өөр шатанд доройтсон.

Сүүлийн 70 жилд агаарын дундаж температур 2.4°C-ээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт. Үүний улмаас ган, зуд, шороон шуурганы давтамж сүүлийн 20 жилд 2–3 дахин өсөж, малчдын амьжиргаанд хүнд дарамт учруулж байна. Тиймээс “Олон улсын жил” нь бэлгэдэл биш-бодит өөрчлөлтийн эхлэл байх ёстой.

Бид энэ жил дөрвөн чиглэлд төвлөрнө:

✅️Нэгдүгээрт, малчдын оролцоонд тулгуурласан бэлчээр хамгаалал, нөхөн сэргээлтийг эрчимжүүлнэ.

✅️Хоёрдугаарт, уур амьсгалын эрсдэлд тэсвэртэй ус, бэлчээр, амьжиргааны тогтолцоонд хөрөнгө оруулна.

✅️Гуравдугаарт, хувийн хэвшил, санхүүгийн байгууллагатай хамтран байгальд ээлтэй санхүүжилтийг бодитоор нэмэгдүүлнэ.

✅️Дөрөвдүгээрт, өгөгдөлд суурилсан, хэмжигдэхүйц үр дүнтэй бодлогыг хэрэгжүүлнэ.

Энэ бүхнийг бид 2026 онд эх орондоо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлын зорилттой уялдуулж, Риогийн гурван конвенцын хүрээнд Монгол Улсын санал санаачилгыг баталгаажуулахын төлөө ажиллах болно.

Дэлхийн анхаарал Монголд төвлөрөх цаг ирлээ. Ирэх саруудад Монгол Улс

асуудалтай орон биш-шийдэл санал болгогч, манлайлагч улс гэдгээ харуулах ёстой. Бэлчээр бол амьжиргаа, ус, хүнс, өв соёлыг үеэс үед дамжуулсан суурь баялаг.

Бид бэлчээрээ хамгаалж чадвал-бэлчээр биднийг хамгаална. 2026 он бол мэдлэгийг үйлдэл болгох, үйлдлийг бодлого болгох, бодлогыг тогтолцоо болгох жил байх ёстой.

#Эх байгалиа хамгаалж, итгэл найдвараа бадраая.

#Restoring land – Restoring hope.