Ш.БАТБАЯР: МОНГОЛ УЛС БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ЗОРИЛТУУДЫГ ҮНДЭСНИЙ БОДЛОГОДОО ТУСГАЛАА

2026.06.22

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяртай ярилцлаа.

 -Сайн байна уу. Юуны өмнө ярилцлага өгөхөөр цаг гаргасанд баярлалаа. “Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги, төлөвлөгөө”-г Засгийн газрын хуралдаанаар баталсан. Энэ төлөвлөгөө ямар эерэг өөрчлөлт авчрах вэ?

-Сайн байна уу. Та бүхэнд баярлалаа. Юуны өмнө энэ бол олон хүний хүч хөдөлмөр, хоёр гаруй жилийн хамтын ажиллагааны үр дүн гэдгийг онцлон хэлмээр байна. Энэхүү баримт бичгийг боловсруулахад төрийн байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагууд, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн төлөөллүүд өргөнөөр оролцсон.

Биологийн олон янз байдал гэдэг нь зөвхөн ховор ан амьтан, ургамлын асуудал биш. Ус, ой, бэлчээр, хөрс, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой хөгжил зэрэг бидний амьдралын үндэс болсон бүхий л асуудалтай холбоотой.

Энэхүү төлөвлөгөө батлагдсанаар Монгол Улс 2030 он хүртэл биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээгээ нэгдсэн байдлаар тодорхойлж байна. Мөн Монгол Улсын нэгдэн орсон Биологийн олон янз байдлын тухай конвенцын хүрээнд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх суурь баримт бичиг болж байгаа юм.

-Төлөвлөгөө батлагдлаа. Харин хэрэгжилт дээр юуг хамгийн их анхаарах шаардлагатай гэж харж байна вэ?

-Бидний хамгийн их анхаарч байгаа зүйл бол энэ төлөвлөгөөг зөвхөн байгаль орчны салбарын баримт бичиг гэж харахгүй байх явдал. Биологийн олон янз байдлын асуудал нь усны нөөц, бэлчээрийн даац, хүнсний үйлдвэрлэл, уур амьсгалын өөрчлөлт, орон нутгийн хөгжилтэй шууд холбоотой.

Тиймээс улсын болон орон нутгийн хөгжлийн бодлого, төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд эдгээр зорилтыг тусгаж, хэрэгжилтийг тогтмол үнэлж, тайлагнах нь чухал байна.

-Таны хэлсэнчлэн энэ асуудал олон салбартай холбоотой юм байна. Бусад салбарын оролцоо яагаад чухал байдаг вэ?

-Биологийн олон янз байдлын доройтол ганцхан шалтгаанаас үүддэггүй. Газар ашиглалт, уул уурхай, дэд бүтэц, мал аж ахуй, ус ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.

Тиймээс байгаль орчны байгууллага дангаараа энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, аялал жуулчлал, боловсрол, санхүүгийн салбаруудын оролцоо зайлшгүй шаардлагатай. Энэхүү төлөвлөгөөний гол онцлог нь салбар бүрийн хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг нэг зорилгын дор уялдуулж байгаад оршиж байгаа юм.

-Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд багагүй хөрөнгө шаардлагатай байх. Санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байна вэ?

-Урьдчилсан тооцоогоор 2026-2030 онд хэрэгжүүлэхэд нийт 2.8 их наяд төгрөг шаардлагатай байгаа. Гэхдээ энэ санхүүжилтийг зөвхөн улсын төсвөөс бүрдүүлнэ гэсэн үг биш.

Улсын болон орон нутгийн төсөв, олон улсын хамтын ажиллагаа, донор байгууллагууд, байгаль хамгаалал болон уур амьсгалын сангууд, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, ногоон санхүүжилтийн механизмуудыг ашиглахаар төлөвлөж байна.

Мөн энэ төлөвлөгөө нь Биологийн олон янз байдлын тухай конвенц, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенц, Цөлжилттэй тэмцэх тухай конвенц гэсэн Риогийн гурван конвенцын зорилтуудыг уялдуулж байгаагаараа онцлог.

-Монгол Улс энэ оны наймдугаар сард Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах гэж байна. COP17 бага хурлын бэлтгэл ажил ямар шатанд явж байна вэ?

-COP17 бол Монгол Улсын зохион байгуулж буй хамгийн том олон улсын арга хэмжээнүүдийн нэг. Тиймээс Засгийн газар, Үндэсний хороо болон холбогдох байгууллагууд бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу эрчимтэй хэрэгжүүлж байна.

2026 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар бэлтгэл ажлын нийт хэрэгжилт 60 хувьд хүрсэн. Нийт 680 ажлаас 264 ажил бүрэн хэрэгжиж, 269 ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Мөн дараагийн шатанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд бий.

Цаашид дэд хороодын уялдаа холбоог улам сайжруулж, төлөвлөсөн бүх ажлыг хугацаанд нь бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

-Тэгвэл 2030 он гэхэд ямар бодит үр дүн гарна гэж харж байна вэ?

-Бидний зорилго бол зөвхөн тоон үзүүлэлт биелүүлэх бус, байгалийн доройтлыг бодитоор бууруулах юм. 2030 он гэхэд Монгол Улсын нийт газар нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад хамруулах, 21.3 сая га доройтсон газрыг нөхөн сэргээх, 771 сая мод тарьж ойн экосистемийг сэргээх, зэрлэг амьтдын нүүдлийн замыг хамгаалах дэд бүтцийг өргөжүүлэх зэрэг томоохон зорилтуудыг хэрэгжүүлнэ.

Мөн тогтвортой хөдөө аж ахуй, бэлчээрийн менежментийг сайжруулж, газрын доройтлыг бууруулах чиглэлээр бодит үр дүн гарна гэж үзэж байна.

Хамгийн гол нь эдгээр үр дүн зөвхөн байгаль хамгааллын салбараар хязгаарлагдахгүй. Усны нөөцийн хамгаалалт сайжирч, хүнсний аюулгүй байдал бэхжиж, орон нутгийн иргэдийн амьжиргаа дээшилж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавх нэмэгдэнэ.

Өөрөөр хэлбэл, бид байгаль хамгаалал болон хөгжлийн тэнцвэрийг хангах урт хугацааны суурийг бүрдүүлэхийг зорьж байна. Байгаль эх дэлхийгээ хамгаалах үйл хэрэгт төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоо хамгийн чухал гэдгийг онцлон хэлмээр байна.