Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд цахим шилжилтийг эрчимжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр шинээр томилогдсон байгаль орчны хяналтын улсын байцаагчдыг чиглүүлэх, чадавхжуулах цахим сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг шинээр томилогдсон улсын байцаагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, цахим системийн хэрэглээг бодитоор нэмэгдүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаанд дэвшилтэт технологийн шийдлийг үр дүнтэй ашиглах чадавхыг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулсан юм.
Сургалтын хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал, хууль, эрх зүйн хэрэгжилтийн хүрээнд мөрдөх зохицуулалт, улсын байцаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд тулгамддаг нийтлэг асуудлын талаар мэдээлэл өглөө. Мөн “Хяналт шалгалтын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан–Шилэн хяналт” цахим системийн ашиглалт, хяналтын хуудсыг үйл ажиллагаандаа жигд нэвтрүүлэх чиглэлээр зөвлөмж хүргэж, системийн хэрэглээг сайжруулах аргачлалыг танилцуулав.
Түүнчлэн “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан” цахим системд гомдол, мэдээлэл бүртгэх, шийдвэрлэлт хийх, бүртгэлийн чанарыг сайжруулах, нийтлэг гардаг алдааг бууруулах чиглэлээр практик мэдлэг олгож, бодит кейс дээр ажиллах сургалтыг зохион байгуулжээ.
Төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд цахим системийг үр ашигтай нэвтрүүлэх нь мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжихээс гадна иргэн, байгууллагад хүргэх үйлчилгээний шуурхай байдал, чанарыг дээшлүүлэхэд чухал үр нөлөө үзүүлэх юм.
Сургалтад нийслэл, аймаг, сум, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сав газрын захиргаанд ажиллаж буй байгаль орчны хяналтын нийт 81 улсын байцаагч хамрагдлаа.