Төв Азийн хөхтөн амьтдын санаачилга (CAMI)-ын гишүүн Улсуудын гуравдугаар уулзалт Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод 2025 оны 06 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Төв Азийн хөхтөн амьтдын санаачилга (CAMI)-ын 2026–2032 оны шинэчилсэн Ажлын хөтөлбөрийг 2025 оны 5-р сард Германд зохион байгуулсан техникийн зөвлөлдөх уулзалтаар боловсруулж, Ташкентын уулзалтаар оролцсон бүх улс дэмжсэнээр баталсан байна.
Энэ удаагийн уулзалтад нийт 11 орны төлөөлөгч оролцож, Төв Азийн хөхтөн амьтдын санаачилга (CAMI)-ын 2026–2032 оны шинэчлэх, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг дүгнэн хэлэлцэж, хэд хэдэн шийдвэрийг гаргасан байна. Уулзалтад Монгол Улсаас БОУАӨЯ болон эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов.
2025 онд Төв Азийн хөхтөн амьтдын санаачилгад хамрагдах зүйлийн жагсаалтад Шилүүс (Lynx lynx) болон Мануул (Otocolobus manul) шинээр нэмэгдэж, нийт 17 зүйлтэй болжээ. Эдгээрээс Монгол Улсад хулан, цагаан зээр, ирвэс, хавтгай, мазаалай, тахь, бөхөн, аргаль, шилүүс, мануул зэрэг 11 зүйл амьтад тархсан байдаг.
Хамрагдах зүйлийн жагсаалтад орсон зүйл тус бүрийг хариуцан ажиллах экспертийн үүрэг, хариуцлагын тодорхойлолт (ToR)-ыг баталсан бөгөөд нэг зүйл дээр хоёр хүртэлх тооны экспертийг улс орнууд Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенц (CMS)-ийн Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран сонгохоор шийдвэрлэв. Одоогоор Монголоос Мазаалай баавгай, Цоохор ирвэс, Аргаль, Мануул, Шилүүс зэрэг амьтдыг хариуцсан эксперт байхгүй байна.
Уулзалтын төгсгөлд Төв Азийн хөхтөн амьтдын санаачилга (CAMI)-ын 2026-2032 оны хэрэгжилтийг хангахад Бүгд Найрамдах Узбекистан улсыг даргалагч орноор, харин Туркменистан улсыг дэд даргалагч орноор тус тус санал нэгтэйгээр сонголоо.