ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2026.05.15

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР СҮХБААТАР АЙМГИЙН ДАРЬГАНГА СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Хэлэлцүүлэгт Дарьганга, Наран сумын ИТХ, ЗДТГ, тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, ТХГН-ийн дотор болон орчны бүсэд амьдардаг малчин иргэдийн төлөөлөл зэрэг 60 орчим хүн оролцов.

Хэлэлцүүлгийг хуулийн ажлын хэсгийн гишүүд болон Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран зохион байгууллаа.

Оролцогчид байгалийн цогцолборт газрын бүсүүдийн дэглэм, газар ашиглалт, байгаль хамгаалал, малчин ахуй, уламжлалт соёлд түшиглэсэн аялал жуулчлалыг тусгай хамгаалалттай газар нутагт хөгжүүлэх асуудлаар санал солилцож, хуулийн төсөлд тусгах саналаа илэрхийллээ.

Мөн малчдын өвөлжөө, хаваржааны доорх газрыг урт хугацаанд тогтвортой ашиглах, бүртгэлжүүлэх, баталгаажуулах, тодорхой нөхцөлөөр шилжүүлэхтэй холбоотой бодит хүндрэлүүдийг хуульд тусгах шаардлагатайг онцолсон юм.

Түүнчлэн Дарьгангын байгалийн цогцолборт газрын дотоод бүсчлэлийг тогтоохдоо байгалийн үнэт зүйлс, зэрлэг амьтдын амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн, орон нутгийн иргэдийн нийгэм, эдийн засгийн хэрэгцээний тэнцвэрийг харгалзан, шинжлэх ухааны судалгаа, үндэслэлтэй тооцоонд тулгуурлах нь зүйтэй гэсэн саналыг оролцогчид гаргав. Энэ талаарх зохицуулалтыг хуулийн шинэчилсэн найруулгад тодорхой тусгах шаардлагатайг мөн дурдлаа.