ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНД ДИЖИТАЛ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАН, СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2024.12.02

ХБНГУ болон Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд ХБНГУ-ын Засгийн Газраас Германы Сэргээн босголт, зээлийн банкаар дамжуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн санхүүжилтээр тусгай хамгаалалттай газрын 41 хамгаалалтын захиргаанд таблет, ухаалаг гар утсыг хүлээлгэн өгч сүлжээний нэгдсэн мэдээллийн сангийн шинэчлэл, ашиглалттай холбоотой сургалт зохион байгуулав.

Энэ дижитал тоног төхөөрөмж нь Тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчид хөдөө хээр, цаг агаарын янз бүрийн нөхцөлд хариуцан хамгаалж буй бүс нутагт зэрлэг амьтны судалгаа, шинжилгээ, ажиглалт хийх, хуулийн хэрэгжилтэд хяналт мониторингийг гүйцэтгэх, нарийвчилсан мэдээ баримт цуглуулах, тэмдэглэх, дамжуулах ажилд нэн шаардлагатай юм.

Мөн мэдээ мэдээлэл, судалгааны бүтээгдэхүүнийг үйл ажиллагаандаа ашиглах, сурталчлах, экосистемийн болон биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хамтын менежментийг хөгжүүлэн өргөжүүлэхэд ТХГН-ийн сүлжээний цахим хуудас www.mpa.gov.mn болон хамгаалалтын захиргаадын цахим хуудсыг стандартын дагуу шинэчлэх ажил байсан бөгөөд энэхүү ажлыг гүйцэтгэн өнөөдөр ашиглалттай холбоотой сургалтыг зохион байгуулж байгаа нь үр дүнтэй цогц арга хэмжээ боллоо.