Олон улсын байгаль хамгаалах бүлгийн түншлэл, хөрөнгө оруулалтын чуулган АНУ-ын Вашингтон хотноо /2025.10.27/ эхэллээ. Хоёр жил тутам болдог энэхүү чуулган парламентын бүлгүүдийн төлөөллийн хэлэлцүүлгээр нээлтээ хийлээ.
Чуулганы хүрээнд тус бүлэгтэй хамтран ажилладаг 19 орны шийдвэр гаргах түвшний төлөөлөл оролцож байгаа бөгөөд манай улсаас БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл болон албаны хүмүүс оролцож байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Б.Батбаатар Монгол Улсын байгаль хамгааллын чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн талаар танилцуулж, ирэх оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл, зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Монгол Улсын зүгээс цөлжилттэй тэмцэх чиглэлд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн далайд гарцгүй, эрс тэс уур амьсгалтай орны хувьд ус–ой–газар гэсэн гурвалсан уялдаатай, үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар танилцууллаа.
Энэхүү арга хэмжээ нь байгаль хамгаалал, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн түншлэл, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, олон улсын байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.