ХАЯГДЛЫН САНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

2026.11.04

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ХБНГУ-ын Холбооны Геошинжлэх Ухаан, Байгалийн Нөөцийн Хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж буй “Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай” (ERM) төслийн хүрээнд “Хариуцлагатай уул уурхай ба хаягдлын сангийн менежмент” сэдэвт сургалт, семинарыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Сургалтыг Австралийн Квинсландын Их Сургуулийн (University of Queensland) Тогтвортой Ашигт Малтмалын Хүрээлэн (SMI)-тэй хамтран зохион байгуулсан бөгөөд төрийн байгууллага, уул уурхайн салбар, олон улсын болон үндэсний мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг хамруулж, баяжуулалтын хаягдлын менежмент, хаягдал хадгалах байгууламжийн аюулгүй ажиллагаа, байгаль орчны эрсдэлийн удирдлага, олон улсын сайн туршлагын талаар хэлэлцэв.

Монгол Улсад уул уурхайн олборлолт, боловсруулалт, баяжуулалтын үйл ажиллагаа өргөжин хөгжиж, чухал ашигт малтмал болон алтны үндсэн ордын ашиглалт нэмэгдэж буйтай холбоотойгоор баяжуулалтын хаягдлын менежментийг сайжруулах, хаягдлын сангийн аюулгүй байдлыг хангах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах асуудал чухал ач холбогдолтой болж байна.

Тус хуралд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын Уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн М.Тулга оролцож, хаягдлын сангийн аюулгүй байдлыг зөвхөн далангийн инженерийн тогтвортой байдлаар хязгаарлахгүй, химийн бодисын үлдэгдэл, хүчиллэг урсац, хөрс, усны бохирдол, хүний эрүүл мэнд, уурхайн хаалт болон хаалтын дараах хяналттай уялдуулан авч үзэх шаардлагатайг онцоллоо.


ERM төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд баяжуулалтын хаягдлын менежментийг сайжруулах, хаягдал дахь химийн бодисын үлдэгдлийг саармагжуулах арга технологи болон олон улсын туршлагын талаар мэдээлэл түгээх, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, шинэлэг технологи, шийдлүүдийг судалж нэвтрүүлэх боломжийг дэмжих чиглэлийн ажлуудыг тусгасан. Энэ хүрээнд хаягдлын сангийн эрсдэлийг үнэлэх, байнгын хяналт-шинжилгээг сайжруулах, бохирдлоос урьдчилан сэргийлэх, химийн эрсдэлийг бууруулах олон улсын сайн туршлага, технологийн шийдлүүдийг Монгол Улсын нөхцөлд тохируулан ашиглахад анхаарч ажиллах юм.

Сургалт, семинарын үеэр дараах үндсэн асуудлуудыг хэлэлцлээ.

Үүнд:

  • Баяжуулалтын хаягдал, хаягдал хадгалах байгууламжийн байгаль орчны эрсдэл, хүчиллэг урсац, хяналтын үндсэн зарчим;

  • Монгол Улсын хаягдлын менежментийн өнөөгийн туршлага, эрх зүйн зохицуулалт, байгууламжийн амьдралын мөчлөгийн удирдлага;

  • Хаягдлын менежментийн дэлхийн аж үйлдвэрлэлийн стандарт (GISTM), түүний зарчим, шаардлага болон Монгол Улсад нэвтрүүлэх боломж;

    Хаягдлын сангийн болзошгүй эрсдэлийн талаар орон нутгийн иргэдэд мэдээлэл хүргэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах арга зам. Хаягдлын сангийн менежментийн дэлхийн стандартыг судалж, олон улсын сайн туршлага (GISTM)-ыг нэвтрүүлэх нь хаягдал хадгалах байгууламжийн төлөвлөлт, ашиглалт, хаалт болон хаалтын дараах үе шатанд байгаль орчны эрсдэлийг бууруулах, хариуцлагын тогтолцоо, хяналт-шинжилгээ, мэдээллийн ил тод байдлыг сайжруулахад ач холбогдолтой юм.