Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “BirdLife International” байгууллагатай САНАМЖ БИЧИГ байгуулж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, “BirdLife International” байгууллагын гүйцэтгэх захирал Мартин Харпер нар гарын үсэг зурлаа.
Санамж бичиг нь хоёр талын биологийн олон янз байдал, шувууд тэдгээрийн амьдрах орчин, нүүдлийн замыг хамгаалах ажлыг цогцоор хэрэгжүүлэх, Биологийн олон янз байдлын конвенц (CBD), Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенц (CMS), Зэрлэг амьтан ургамлын ховордсон зүйлүүдийг олон улсад худалдаалах тухай конвенц (CITES), Рамсарын конвенцоор хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, хүний нөлөөгөөр үүсэж буй сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой юм.
Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд дараах байдлаар хамтран ажиллахаар тохиролцлоо.
Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэхэд талууд хамтран ажиллана.
Нүүдлийн болон усны шувуудын хамгаалал, менежментийн төсөл хөтөлбөрийг хамтран боловсруулж хэрэгжүүлнэ. Үүнд, шувуудын нүүдлийн замын хэмжээнд хамтран хэрэгжүүлэх ажлууд, бүс нутгийн нүүдлийн замын санаачилга хөтөлбөр, биологийн олон янз байдлын түлхүүр нутгуудыг тодорхойлох (KBA), нүүдлийн шувуудад онцгой ач холдогдолтой ус намгархаг газрын судалгаа, хамгаалал, нөхөн сэргээлтийн ажлууд багтана.
Хөгжлийн мега төсөл, дэд бүтцийн бүтээн байгуулалтаас үүдэлтэй байгаль орчин, биологийн олон янз байдал, ялангуяа шувуудын амьдрах орчныг хамгаалах, хөгжлийн дэд бүтцийг бий болгоход байгаль ээлтэй төлөвлөлт, замын зураглалыг хийж, мэргэжил арга зүй боловсруулан, харилцан дата мэдээлэл солилцож, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) улаан дансны үнэлгээг шинэчлэн хийх, биологийн олон янз байдлын хамгааллын олон улсын стандартыг нутагшуулах, тодорхой онцлох зүйл шувуудын хамгааллын төлөвлөгөө боловсруулна.
Судалгааны ажлын туршлага солилцох, хамтарсан судалгааны ажлыг өргөжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, сургах, дадлагажуулах, байгаль хамгааллын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлнэ.
Нүүдлийн шувуудын хамгааллын талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
Тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, үйл ажиллагааг зохион байгуулах хамтарсан ажлын хэсэг байгуулж, арга зүй, мэдлэг, олон улсын туршлагыг солилцоно.
Нүүдлийн шувуудын үржлийн үед хамгаалах чиглэлээр нутгийн иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгаа, судалгаа, мониторингийн үр дүнг танилцуулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулна.