“ХАНГАЙ БҮСИЙН УУЛЫН ЛАНДШАФТЫГ НӨХӨН СЭРГЭЭЖ, ХАМГААЛАХ ЗАМААР ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН АМЬЖИРГААГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ”-ИЙН 2026 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ
Даян Дэлхийн Байгаль Орчны Сан (GEF)-гийн санхүүжилттэй НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO), Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-тай хамтран Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Хангай бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах” төслийн удирдах хорооны ээлжит хурал /2025.12.24/ боллоо.
Энэ удаагийн Удирдах хорооны хуралд БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч хатагтай Чинюнь Дяо (PhD) болон төслийн удирдах хорооны бусад гишүүд оролцож, 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
“Хангай бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах” төсөл нь 2030 онд хүртэл Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн 8 суманд хэрэгжинэ. Энэ хугацаанд нийт 20.000 га бэлчээр, 3800 га ойг нөхөн сэргээх, аймаг, сумдын газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөлтийг сайжруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, тогтвортой санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажлыг хийж гүйцэтгэх юм.