Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж, түүнийг дагаж гарсан дүрэм, журам, стандартыг сурталчлах, химийн ослоос урьдчилан сэргийлэх, химийн бодистой харьцаж ажилладаг ажилтан, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Химийн хорт болон аюултай бодисын хууль эрх зүйн орчин, химийн ослоос урьдчилан сэргийлэх” сэдэвт хамтарсан сургалтыг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтад Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Үндэсний аврах бригад, Нийслэлийн аврах анги болон химийн хорт, аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл зэрэг 70 гаруй байгууллагын 145 ажилтан, алба хаагч хамрагдаж байна.
Мөн сургалтад Монголын химийн үндэсний ассоциаци, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Экологийн цагдаагийн алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монгол Улсын Их сургууль, Нийслэлийн Байгаль орчны газар зэрэг төрийн болон мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож, химийн хорт болон аюултай бодистой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, эрсдэлийн удирдлага, ослын үеийн хариу арга хэмжээний талаар мэдээлэл, туршлага солилцож байна.
Сургалтын хүрээнд химийн бодисын ангилал, шинж чанар, хадгалалт, тээвэрлэлт, гаалийн хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал, ослын үеийн ажиллагаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг сэдвээр холбогдох байгууллагын мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлж байгаа юм.
Химийн хорт болон аюултай бодисоос үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ослын үед авах хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэхэд энэхүү сургалтын ач холбогдол өндөр байгааг зохион байгуулагчид онцолж байна.