“Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө”-г боловсруулж, Засгийн газраар батлуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, судлаачид болон олон улсын байгууллагын төлөөлөлд БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир талархал илэрхийллээ.
Энэхүү төлөвлөгөө бол зөвхөн байгаль орчны салбарын баримт бичиг биш. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхай, дэд бүтэц, боловсрол, шинжлэх ухаан, орон нутгийн хөгжил, санхүүжилт, хувийн хэвшлийн оролцоотой шууд уялдах үндэсний хэмжээний бодлогын баримт бичиг гэдгийг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир онцлов.
Монгол Улс Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын конвенцыг 1993 онд соёрхон баталж, байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, үр шимийг шударга хүртэх олон улсын үүргийг хүлээн хэрэгжүүлж ирсэн. Манай улс анхны үндэсний стратеги, үйл ажиллагааны хөтөлбөрөө 1996 онд батлан хэрэгжүүлсэн бол 2015–2025 оны үндэсний хөтөлбөрөөрөө Айчигийн зорилтуудтай уялдуулан биологийн олон янз байдлын хамгааллын бодлогыг хэрэгжүүлж ирсэн.
Энэ удаагийн Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө нь Куньмин–Монреалын дэлхийн зорилтууд болон Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдсан 20 зорилт, 100 гаруй үйл ажиллагааг багтаасан цогц бодлогын баримт бичиг болж чадсан бөгөөд зөвхөн байгаль орчны салбарын баримт бичиг биш. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхай, дэд бүтэц, боловсрол, шинжлэх ухаан, орон нутгийн хөгжил, санхүүжилт, хувийн хэвшлийн оролцоотой шууд уялдах үндэсний хэмжээний бодлогын баримт бичиг юм.
Уулзалтын үеэр МУИС-ийн Экологийн тэнхимийн эрхлэгч Ө.Баярсайхан, МУБИС-МБУС-ийн Биологийн тэнхимийн Ургамал судлалын багш В.Гүндэгмаа, Хөдөө аж ахуйн их сургуулийн Биотехнологи, үржүүлгийн тэнхимийн Дэд профессор бөгөөд профессорын багийн ахлагч В.Энхчимэг нарыг “Байгаль орчны тэргүүний ажилтан”-аар шагналаа.