БНХАУ-ын “Жяньже” групп шахмал түлшний барьцалдуулагч танилцуулав

2025.05.15

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн, ахлах мэргэжилтэн С.Төмөрбат нар өнөөдөр /2025.05.15/ БНХАУ-ын “Жяньже” группын менежер, инженерүүдийг хүлээн авч уулзан, шахмал түлшний барьцалдуулагчийн танилцуулгыг сонслоо.

“Жяньже” групп нь органик бодисоор хэрэглэгчийн түүхий эдийн онцлог, тусгай шаардлагын дагуу шахмал түлшний барьцалдуулагч үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангахаас гадна олон улсад нийлүүлдэг байна.

Барьцалдуулагч нь өндөр наалдац бүхий найрлагатай, өндөр температурт тэсвэртэй, бага хэмжээгээр хэрэглэдэг, хэвлэгдэх чадвар өндөр, хурдан хатдаг, эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй бүтээгдэхүүн аж. Нэг тонн барьцалдуулагчаар ойролцоогоор 20 тонн шахмал түлш үйлдвэрлэх боломжтойг танилцуулав.

“Жяньже” групп нь 2010 онд байгуулагдсан, БНХАУ-ын Хэнань мужийн Жэнжоу хотод төвтэй, ган хайлуулах, нүүрс боловсруулах, шахмал түлш, барьцалдуулагч бодисын судалгаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм байна.