Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Монгол Улсын Их Сургуулийн Инженер технологийн сургуультай хамтран “Хүрээлэн буй орчны инженерчлэл” сэдэвт уламжлалт оюутны эрдэм шинжилгээний хурал болон “Идеатон 2026” арга хэмжээг анх удаа улсын хэмжээнд өнөөдөр (2026.05.06) зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Их Сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 1-4 дүгээр түвшний оюутнууд оролцож, нийт 14 судалгааны илтгэл хэлэлцүүлэн, 10 баг инновац, шинэ санаа бүхий төслөө танилцуулсан байна.
Оюутнууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, химийн бодисын менежмент, агаар, ус, хөрсний бохирдлын чиглэлээр хийсэн судалгааны ажлуудаа танилцуулсан нь онцлог байлаа.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь оюутнуудын судалгааны ажлыг дэмжих, шинжлэх ухаанч сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэхийн зэрэгцээ хүрээлэн буй орчны салбарт Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцуудыг судлах замаар мэдлэг, ойлголтыг нь гүнзгийрүүлж, судалгааны ажлыг бодит хэрэгцээ, практиктай уялдуулах онцлогтой юм.
Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан (COP17)-ыг зохион байгуулах ажлын албаны Байгальд суурилсан шийдэл хариуцсан ахлах шинжээч Б.Батцэцэг зочин илтгэгчээр оролцож, COP17 болон байгальд суурилсан шийдлийн талаар мэдээлэл хүргэлээ.
Түүнчлэн Базелийн конвенцын Ази, Номхон далайн бүсийн төв уг арга хэмжээг дэмжин хамтран оролцсон бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам тус төвтэй 2026 оны нэгдүгээр сард байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулсан байна.