Сэргээгдэх эрчим хүчээр дулаан, цахилгаанаа шийдэж, яндангаа буулгасан айлтай танилцлаа

2025.05.08

БНСУ-ын TASSE компани Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нэг өрхөд сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмж суурилуулж, янданг нь буулгажээ. Тус шийдэлтэй өнөөдөр /2025.05.08/ Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны мэргэжилтэн А.Батмөнх, Г.Намхайдорж, Т.Болорчимэг нар танилцав.

Тухайн айлд 2200 в/цаг хүчин чадалтай, хоёр талаараа цэнэг авдаг нарны хавтан, эрчим хүч хуримтлуулагч суурилуулсан байна. Нарны хавтан нь 25 жилийн баталгаатай, элсэн шуурга, жижиг чулуунд гэмтэл үүсэхгүй давуу талтай бол баттерей нь 4-5 жил ажиллах боломжтойг TASSE Mongolia компанийн Ерөнхий захирал И Ён Сан танилцууллаа.

Тус айл сард 25 000 төгрөгийн цахилгааны төлбөр төлж, сайжруулсан шахмал түлш түлдэг байсан. Харин одоо гал түлэхгүй яндангаа буулгаснаас гадна халаалт, цахилгааны бүх хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр хангаж, халуун усны хэрэглээгээ ч шийджээ. Ингэснээр цахилгаан болон түлшний зардал хэмнэгдэж, амьдрах орчин илүү цэвэр болсныг гэрийн эзэн хэлж байна.

TASSE Mongolia компанийн айл өрхөд зориулсан сэргээгдэх эрчим хүчний систем 13 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, эхний 100 айлд 10 сая төгрөгөөр суурилуулах боломжтойг удирдлагууд нь хэлж байна.