2026 ОНД ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНАХ, БАРИХ АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭГ БАТАЛЛАА

2026.05.13

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2026 онд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг баталлаа.

Тус шийдвэрийг амьтны нөөцийн үнэлгээ, нөхөн өсөлтийн чадамж, агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө, хамгаалалтын шаардлагад үндэслэн боловсруулж, аймаг орон нутгаас ирүүлсэн саналыг мэргэжлийн түвшинд нягтлан эцэслэсэн.

Тусгай зориулалтын ан агнуур нь агнуурын амьтны нөөцийг зохистой, тогтвортой ашиглахын зэрэгцээ байгаль хамгааллын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих, байгальд суурилсан өндөр үнэ цэнтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтой. 2025 онд тусгай зориулалтын ан агнуурын дуудлага худалдаа болон байгалийн нөөц ашигласны төлбөрөөс нийт 15.4 тэрбум төгрөг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрсөн байна.

Мөн спорт агнуурын чиглэлээр бариад буцаан тавих зарчимд суурилсан загас агнуурын зохицуулалтыг үргэлжлүүлснээр биологийн нөөцийг хамгаалахын зэрэгцээ танин мэдэхүйн болон байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Энэхүү шийдвэр нь амьтны нөөцийн хамгаалалт, тогтвортой ашиглалтын тэнцвэрийг хангах, орон нутгийн оролцоонд түшиглэсэн байгаль хамгааллын менежментийг бэхжүүлэх, байгалийн нөөцийн эдийн засгийн өгөөжийг хамгаалалттай уялдуулах чухал ач холбогдолтой юм.