Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Амьтны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон “Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.05.06/ Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, Монголын ан агнуурын холбоо болон иргэдийн төлөөлөл оролцож, хуулийн төслийн үзэл баримтлал, хэрэгжилтийн үр нөлөө, хамгааллын зохицуулалтын талаар санал солилцов.
Амьтны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд:
Амьтны тоо толгой, тархацад үндэслэн ашиглах боломжит нөөцийг тогтоох,
Мониторингийн тогтолцоог тасралтгүй хэрэгжүүлэх,
Олон улсын Улаан дансны үнэлгээтэй ховордлын зэрэглэлийг уялдуулах,
Амьтны хамгааллыг зүйлийн болон экосистемийн түвшинд хамтад нь авч үзэх,
Агнуурын бүсийн эзэмшигчийг сонгох, гэрээ байгуулах, гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг тодорхой болгох,
Тусгай зориулалтын агнуурын бүсийн зохицуулалтыг боловсронгуй болгох,
Амьтан үржүүлэх, ашиглах болон харь зүйлийн зохицуулалтыг тодорхой болгох,
Мэдээллийн сангийн нэгдмэл байдлыг хангах,
Хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлэх,
нутгийн иргэдийн оролцоо, үр өгөөжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгажээ.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид хуулийн хэрэгжилтийг бодитой хангахын тулд санхүүжилт, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох, нөөц тогтоох судалгааны чанарт онцгой анхаарах, амьтны хамгааллын судалгаа, тоо баримтыг үндэсний хэмжээнд нэгтгэн боловсруулах тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг онцоллоо.
Түүнчлэн тусгай зориулалтын агнуурын дуудлага худалдааны зохицуулалтыг эргэн харах, хамгааллын зорилготой зохистой ашиглалтыг дэмжих, шувуулахуйн соёлыг хөгжүүлэх, загас, шувуу, шавж зэрэг амьтдын онцлогт тохирсон хамгааллын зохицуулалтыг илүү нарийвчлан тусгах, ховор амьтны агнуурын менежмент, зөвшөөрлийн асуудлыг төвлөрсөн байдлаар зохицуулах зэрэг саналуудыг хэлэлцүүлгийн үеэр гаргалаа.