Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам ХБНГУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Германы KfW хөгжлийн банкаар дамжуулан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн 1-р үе шатыг 2015-2022 онд, 2 ба 3-р үе шатыг 2020-2027 оны хугацаанд хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд ТХГН-ийн хамгаалалтын захиргааны менежментийн болон санхүүгийн чадавхийг сайжруулах, ТХГН-ийн орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор багаж хэрэгсэл, бартаат замын машин, мотоцикль, завь, олон үйлдэлд трактор, ачааны машин, цэвэр, бохир ус соруулах зориулалттай авто машин болон хамгаалалтын захиргааны барилга, бүсийн болон сумын хэмжээний мэдээлэл сургалт сурталчилгааны төв, дөрвөн улирлын хүлэмж, усалгааны төхөөрөмж, худалдаа үйлчилгээний төв зэрэг шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийгээд байна.
Төсөлд хамрагдсан Хангайн болон Баруун бүсийн ТХГН-ийн хамгаалалтын захиргаад төслийн хүрээнд ханган нийлүүлсэн дээрх төрлийн багаж, хэрэгсэл, машин төхөөрөмж, дэд бүтцийн барилга байгууламжийг ашиглан үйл ажиллагаа явуулж ТХГН-ийн хамгаалалтын менежментийг сайжруулах талаар тодорхой ахиц дэвшил гаргаж байгаагийн зэрэгцээ, орон нутгийн иргэд, аялал жуулчлалын байгууллагуудад зарим төрлийн үйлчилгээ үзүүлж орлого олж ашиглалт засвар үйлчилгээний зардлаа хөнгөвчлөх боломж бүрдүүлж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод 2024 оны 10 сарын 02-04-ний өдрүүдэд “Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын техник, тоног төхөөрөмж, хөрөнгийн ашиглалт, эзэмшилтийг сайжруулахад шаардлагатай дүрэм, журам, тэдгээрийн хэрэгцээ шаардлага” сэдэвт уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа.
Уулзалт, зөвлөгөөнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хэльмут Кулитц нар болон Хангайн болон Баруун бүсийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадын дарга, нягтлан бодогчид, БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газар, Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар, Санхүү, хөрөнгө оруулалтын газар, Хуулийн хэлтэс, төслийн зөвлөх баг, төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл оролцов.
Уулзалт зөвлөгөөнөөр БОУАӨЯ-ны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд олгогдсон техник тоног төхөөрөмж, хөрөнгийн ашиглалт эзэмшлийн өнөөгийн байдал, ололт туршлагыг нээлттэй хэлэлцүүлж, цаашид урт хугацаанд тогтвортой, ашиглах, үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлэх санал санаачлагуудыг нэгтгэн дүгнэлээ. Мөн төслийн хүрээнд нийлүүлсэн техник тоног төхөөрөмж, хөрөнгийг зориулалтын дагуу хуулийн хүрээнд зүй зохистой ашиглах, эзэмших, ашиглуулах, тэдгээрийн ашиглалтаас орлого олох, зарцуулах, зарцуулалтад хяналт тавих хууль, дүрэм, журмыг танилцуулж, хэрэгжилтийг хангуулах сургалт явууллаа.