ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Аймаг, нийслэлийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан чадавхжуулах сургалт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчин, судалгаа шинжилгээний төвд өнөөдөр эхэллээ.
Сургалт хоёр өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд үндэсний хэмжээнд хадгалагдаж буй химийн хорт болон аюултай бодистой холбоотой хяналт, шалгалтын үйл ажиллагааг сайжруулах, улсын байцаагч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, химийн бодисын асгаралт, алдагдлын үед авах хариу арга хэмжээний талаар мэргэжлийн мэдлэг олгох, байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.
Эхний өдөр химийн хорт болон аюултай бодисын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалт, хууль бус хэрэглээтэй холбоотой зөрчил, химийн бодисын хор нөлөө, шинж чанар, осол аваарын үеийн хариу арга хэмжээ, аюултай хог хаягдлын менежмент зэрэг сэдвээр холбогдох байгууллагуудын төлөөлөл илтгэл хэлэлцүүллээ.
Харин сургалтын хоёр дахь өдөр оролцогчид химийн бодис хадгалж, ашиглаж буй байгууламжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн үйл ажиллагаатай танилцах дадлага сургалтад хамрагдана.
Сургалтад 21 аймаг, нийслэлийн байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч болон химийн бодисын асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна.
Сургалтыг Байгаль орчны салбарын нэгдсэн зөвлөгөөний хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсын ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг халах нь” төсөл, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газар, Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байна.