
Үндэсний хүлэмжийн хийн тооллого, MRV шинжээч
| | |
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
“Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлыг сайжруулах нь” төсөлд Үндэсний хүлэмжийн хийн тооллого, MRV шинжээч сонгон шалгаруулж авна.
Ажиллах хугацаа: 20 сар
Ерөнхий мэдээлэл
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенци (НҮБУАӨСК)-н хэрэгжилтийг хангахад чиглэсэн Парисын хэлэлцээр (ПХ)-ийг 2015 онд Парис хотноо зохион байгуулагдсан конвенцын талуудын XXI бага хурлаар баталсан ба 2022 оны байдлаар дэлхийн 195 орон нэгдэн орсон байна. ПХ-т нэгдэн орсон улс орон бүр дэлхийн агаарын дундаж хэмийн өсөлтийг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад +2℃-ээс доош барих, агаарын хэмийн өсөлтийг +1.5℃-д хязгаарлах хүчин чармайлт гаргах үүрэг хүлээсэн.
ПХ-ийн зорилгод хүрэхийн тулд хэлэлцээрийн 4 дүгээр бүлэгт заасны дагуу дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйлсэд гишүүн улсууд өөрсдийн оруулах хувь нэмрийг тодорхойлсон “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)”-ийг боловсруулан хэрэгжүүлэх үүрэгтэй.
Тус хэлэлцээрийн 13 дугаар зүйлд заасан ил тод байдлыг сайжруулах шаардлагуудыг хангахын тулд хөгжиж буй орнуудын институтийн болон техникийн чадавхыг бий болгох, бэхжүүлэх зорилгоор 2016 онд Даян дэлхийн байгаль орчны сан (ДДБОС)-гаас “Ил тод байдлын чадавхыг бэхжүүлэх санаачилга”-ыг үүсгэн байгуулжээ.
Тус санаачилгын хүрээнд ДДБОС-ийн дэмжлэгтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-тай хамтран “Парисын Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийн зорилтын хэрэгжилтийг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ил тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг 2019-2022 онуудад хэрэгжүүлсэн.
Энэхүү төслийн 2 дугаар үе шат болох “Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн ил тод байдлыг сайжруулах нь” төсөл Ил тод байдлын өргөжүүлсэн тогтолцооны үндэсний тайлангийн шаардлагыг хангах тогтолцоог бэхжүүлэх замаар Монгол Улсын ҮТХН-ийг хэрэгжүүлэх, цаашид шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 2024-2027 онуудад хэрэгжиж байна. НҮБ-ын ХХААБ төслийн үйл ажиллагаа, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих, техникийн талаас удирдан чиглүүлэх, УЦУОСМХ төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй хамтран ажиллаж байна.
Тус төслийг хэрэгжүүлэх нэгжид Үндэсний хүлэмжийн хийн тооллого, MRV шинжээч сонгон шалгаруулж авна.
Ажлын цар хүрээ
· Төслийн 1 дүгээр бүрэлдэхүүн хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх, 2 дугаар бүрэлдэхүүн хэсэгт заасан бүхий л үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
· Хоёр жил тутмын ил тод байдлын тайланг бэлтгэн гаргахад дэмжлэг үзүүлэх чадавхыг бэхжүүлэх хүрээнд Хоёр жил тутмын ил тод байдлын тайлан/Үндэсний тайлан илтгэлийг бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бусад төслүүдтэй үйл ажиллагаагаа уялдуулах зохицуулалт хийх;
· Шаардлагатай техникийн болон үйл ажиллагааны зөвшөөрлийг төслийн төсвийн захирагч болон Техникийн удирдах ажилтнаас авах зэргээр төслийн бүхий л үйл ажиллагааг Хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу хэрэгжүүлэх;
· Хүлэмжийн хийн тооллого, тайлагналын хүснэгт, чанарын хяналт ба баталгаажуулалтын үйл явц, салбарын ялгарлын коэффициентыг тооцоолох арга зүй, хүлэмжийн хийн ялгарлын төсөөлөл болон бусад сэдвүүдээр чанарын өндөр шаардлага хангасан, төслийн ажлын төлөвлөгөөнд нийцсэн, сургалтын материалуудыг ИТБӨТ-ны тайлагналын шаардлагыг бүрэн хангасан байдлаар боловсруулах;
· ҮТХН-ийн зорилтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл явцыг хянах арга зүй, үзүүлэлт, байгууллагын зохицуулалтыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх зэргээр дасан зохицох үйл ажиллагаанд холбогдох мэдээллийг ИТБӨТ-ны шаардлагад нийцүүлэн цуглуулж, дүн шинжилгээ хийх, тайлагнах ажлыг удирдан зохион байгуулах;
· ҮТХН-ийн тэргүүлэх ач холбогдолтой сааруулах ба дасан зохицох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх, сайжруулахад хяналт тавих;
· Үндэсний оролцогч талуудтай хамтран салбарын хүлэмжийн хийн ялгарлын коэффициентийг боловсруулах, сайжруулахад шаардлагатай өгөгдлийн зөрүү, арга зүйн хэрэгцээ шаардлага, институцийн чадавхыг тодорхойлж, үнэлэх ажлыг удирдан зохион байгуулах;
· ҮТХН-ийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явц дахь (санхүүгийн, техникийн болон чадавх бэхжүүлэх) дэмжлэгийг хянах, тайлагнах механизмыг боловсруулж, үйл ажиллагаанд оруулах, холбогдох тайлангуудыг ИТБӨТ-ны шаардлагад нийцүүлэн боловсруулж, хүргүүлэх;
· Төслийн явцын хагас жилийн тайлангуудыг гаргах, жилийн төсөв, ажлын төлөвлөгөө боловсруулах, Даян дэлхийн байгаль орчны сан (ДДБОС)-гаас гаргах төслийн жилийн гүйцэтгэлийн тайланг НҮБ-ын ХХААБ, ДДБОС-аас гаргасан тайлагналын чанарын шаардлагад нийцүүлэн тогтоосон хугацаанд гаргахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
· Төсөл хэрэгжүүлэх нэгжтэй нягт хамтран ажиллаж, НҮБ-ын ХХААБ-аас төслийн явцад хяналт тавих, дунд хугацааны хяналт, төслийн эцсийн үнэлгээг хийхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
· Тайлагнах, мэдээ өгөгдөл цуглуулах, арга барил, зааварчилгаа, протокол болон чанарын баталгаажуулалт, чанарын хяналт зэрэг асуудлын хүрээнд сургалт, семинар зохион байгуулах;
· Оролцогч талуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор ИТБӨТ-ны шаардлага, процесс, журмын талаар мэдлэг олгох бүтээгдэхүүнийг монгол хэл дээр боловсруулах, хэвлэн нийтлүүлэх;
· Холбогдох бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх.
Тавигдах шаардлага
· Хүрээлэн буй орчин, байгалийн шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, цаг уур, байгаль орчны инженерчлэл, байгаль орчны хяналт-шинжилгээ, үнэлгээ, хүлэмжийн хийн ялгарлын тооллогын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
· Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх; Монгол Улсын Засгийн Газрын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй олон улсын төсөл, хөтөлбөрт ажилласан бол давуу тал болно;
· Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний мэдлэгтэй;
· Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх асуудлаар мэргэшсэн байх;
· Компьютерын мэдлэг, интернэт, дотоод сүлжээний орчинд ажиллах чадварыг сайн эзэмшсэн байх;
· Багаар ажиллах, аливаа асуудлыг хамтран зохион байгуулах, богино хугацаанд зөв шийдвэр гаргах чадвартай байх;
· Албан бичиг баримт боловсруулах (гар бичмэл, нэр томьёо, товчлол тэмдэглэгээг ойлгож тайлах, бичиж боловсруулах, албан бичгийг архивлах, бусдыг сонсох, харилцааны соёлтойгоор хамтран ажиллах г.м) чадвартай байх;
· Ажлаа төлөвлөж, зохион байгуулах, өндөр бүтээмжтэй ажиллах чадвартай байх;
· Багаар болон хөдөө орон нутагт ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх.
Бүрдүүлэх материалын жагсаалт
· Ажилд орохыг хүссэн захидал;
· CV (англи хэл дээр) болон төрийн албан хаагчийн анкет (монгол хэл дээр);
· Диплом, гэрчилгээний хуулбар;
· Англи хэлний мэдлэгийг баталсан шалгалтын гэрчилгээ;
· Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төрлийн ажлын талаар албан ёсны тодорхойлолт. Үүнд: мэргэжлийн түвшин, ажил үүргийн гүйцэтгэлийн чанар, зан авир, хүмүүжлийн талаар тодорхой тусгасан байх шаардлагатай болно.
Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэн холбогдох материалуудыг бүрдүүлж, Цаг уур, орчны шинжилгээний газрын 103 тоот албан өрөөнд (Улаанбаатар-15160 Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Жуулчны гудамж, Бага тойруу-3) 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 17.30 цагаас өмнө хүргүүлнэ үү.
Дээрх ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын талаар тодруулга шаардлагатай бол 99085174 дугаартай утсаар холбогдоно уу.
Анхаарах зүйлс:
• Бүрэн бус материалыг шалгаруулалтад оруулахгүй.
• Ирүүлсэн материалыг эргүүлэн олгохгүй.
• Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчидтэй холбоо барихыг анхаарна уу