Монгол улс 1992 онд баталсан ардчилсан үндсэн хуулиараа Монгол улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Хүний эрүүл, аюулгүй орчинг хангах ажлын хүрээнд төрөөс байгаль орчныг хамгаалах талаар бодлого, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлж ирсэний зэрэгцээ дэлхийн улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шинэлэг нээлт, нэгдсэн шийдвэртэй хөл нийлүүлэн хөгжих зорилго тавьж олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж батлагдсан гэрээ, конвенциудыг соёрхон баталж, нэгдэж ороод байна.

1993 оны 9 сарын 30-ны өдөр Биологийн төрөл зүйлийн тухай НҮБ-ын суурь конвенцид Монгол улс анх нэгдэж орсноос эхлэн одоогоор манай улс нийт 11 конвенци, 3 протоколыг соёрхон баталж, тэдгээрийн албан ёсны “Тал” болсон байна. Тус конвенциудын ээлжит Талуудын бага хуралд тогтмол идэвхитэй оролцож, тухай бүрт гаргасан шийдвэрүүдийг дотоодын бодлого, төлөвөлөлтөндөө тусгах ажлын зохион байгуулж, конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт тус конвенцийн хэрэгжилтийн талаарх тайланг цаг тухайд нь хүргүүлж, нарийн бичгийн дарга нарын газартай байнгын холбоотой ажиллаж байна.

Нэгдэж орсон гэрээ конвенциудад: НҮБ-ын суурь буюу Риогийн 3 конвенци болох Биологийн төрөл зүйл, Цөлжилттэй тэмцэх, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенци, Озоны давхаргыг хамгаалах тухай, Химийн 3 конвенци болох Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стогкольмын конвенци, Аюултай хог хаягдлыг хил дамнуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенци, Аюултай зарим химийн бодис болон пестицидийг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын тухай Роттердамын конвенци болон Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци /САЙТИС/, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах Боннын конвенци, Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенци /РАМСАР/-д нэгдэн оржээ. Хамгийн сүүлд 2002 оны 5 сарын 24-нд Далайн халим агнуурыг зохицуулах конвенци-д нэгдэн оржээ.

Мөн Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протокол, Биологийн төрөл зүйлийн тухай конвенцийн био аюулгүй байдлын тухай Картагений протокол, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протоколуудад нэгдэж оржээ.

Монгол улс нэгдэн орсон олон улсын конвенцүүдийн

талаарх мэдээлэл

  1. Озоны давхаргыг хамгаалах тухай Венийн конвенци

Австри улсын Вена хотноо 1985 оны 3 дугаар сард хуралдсан НҮБ-ын Озоны давхаргыг хамгаалах Бага хурлаас “Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенци” батлан гаргасан.

Конвенцийн гол зорилго нь озоны үе давхаргын төлөв байдлыг өөрчлөх болон өөрчлөгдөхүйц хүний үйл ажиллагааны улмаас бий болсон болон гарч болзошггүй экологийн сөрөг үр дагавараас хүний эрүүл мэнд байгаль орчноо хамгаалах талаар холбогдсон арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд оршино.

Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенцийг 1995 оны 10 дугаар сарын 16-ны өдөр УИХ-аар соёрхон баталж, 1996 оны 3 дугаар сарын 7-ны өдөр нэгдэн орсон байна. Иөн оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүчин төгөлдөр болсон байна.

  1. Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протокол

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын проколийг 1995 оны 10 дугаар сарын 16-ны өдөр УИХ-аар соёрхон баталж 1996 оны 3 дугаар сарын 7-ны өдөр нэгдэн орсон байна. 1996 оны 6 дугаар сарын 5-ны өдөр тус протокол нь хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх 2 конвенцийн хүрээнд 1996 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний хөтөлбөрийг шинэчлэн баталж, хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна.

  1. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци /САЙТИС/

1973 онд анх гарын үсэг зурсан хотын нэрээр “Вашингтоны конвенци” буюу англи хэл дээрх товчлол болох “CITES” гэсэн нэрээр танил болсон “Зэрлэг амьстан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци нь амьтан ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах ажлыг зохицуулдаг олон улсын хэмжээний эрх зүйн акт юм. Конвенци нь соёрхон баталсан 10 дахь баримт бичгийн дараа 1975 оны 7 дугаар сарын 1-нд хүчин төгөлдөр болсон бөгөөд одоо эгнээндээ дэлхийн 134 улс орныг нэгтгэсэн дэлхий дахины конвенци болсон байна.

1973 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Вашингтон хотноо байгуулсан Конвенцид нэгдэн орох тухай Монгол Улсын Их Хурлын хууль, тогтоол 1995 оны 5 дугаар сарын 4-нд гарсан. Энэхзз конвенци нь манай улсын хувьд 1996 оны 4 дүгээр сарын 4-нөөс хүчин төгөлдөр болсон байна. Тус конвенцийг хэрэгжүүлэх Удирдан зохицуулах зөвлөл болон Шинжлэх ухааны зөвлөлүүд Байгаль очны сайдын тушаалаар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Хавсралт

  1. Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стогкольмын конвенци

Монгол улс тус конвенцид нэгдэн орхоор 2002 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан ба Монгол Улсын Их Хурал 2003 оны 11 дүгээр сарын 7-нд соёрхон баталсан байна. Тус конвенцид 2004 оны 4 дүгээр сарын 20-нд нэгдэн орсноор Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стогкольмын конвенцийн өмнө үүрэг хүлээсэн тал болсон юм. Конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор манай улсын үндэсний комиссыг холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийг оролцуулан байгуулж, зохих төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулж байна. “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стогкольмын конвенцийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх “төсөл 2003 оноос хэрэгжиж дуусан ба төслийн хүрээнд Монгол Улсын удаан задардаг органик бохирдуулагчдын талаар баримтлах Үндэсний хөтөлбөрийг боловсруулан гаргасан. Энхэүү Удаан задардаг органик бохирдуулагчийн талаар баримтлах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг авах зорилгоор төслийн санал бичиж НҮБ-ын АҮХГ-аар дамжуулан ДДБОС-д өргөн барьсны дүнд “Полихлорт бифенил агуулсан тоног төхөөрөмж, тосны байгаль орчинд ээлтэй менежментийн чадавхийг бий болгох төсөл” батлагдаж 2009 оноос хэрэгжижи эхлээд байна.

  1. Аюултай хог хаягдлыг хил дамнуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенци

Швейцарийн Базел ботод 1989 оны 3 дугаар сард болсон олон улсын хуралд аюултай хог хаягдлыг хил дамжуулан худалдаалах, тээвэрлэхэд хяналт тавих тухай асуудлыг хэлэлцсэн байна. Үлйдвэрлэлийн өсөлттэй уялдан аюултай хог хаягдлын хэмжээ ихсэж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулах аюул нэмэгдэж байгааг харгалзан аюултай болон бусад хог хаягдлыг улс орондоо оруулах буюу гаргах, бусад орчны нутгаар дамжуулан тээвэрлэхэд хяналт тавих, энэ талаар мэдээлэл солилцох асуудлыг олон улсын Конвенци, зөвлөмжийн дагуу гүйцэтгэх нь зүйтэй гэж үзэж уг конвенцийг хэлэлцэн баталсан байна.

Уг конвенцид 1989 оны 3 дугаар сарын 22-нд гарын үсэг зурахад нээлттэй боолсон. Манай улс тус конвенцийг 1997 онд батламжилсан. Конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор манай улсын үндэсний комиссыг холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийг оролцуулан байгуулж, зохих төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулж байна.

  1. Аюултай зарим химийн бодис болон пестицидийг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын тухай Роттердамын конвенци

Энэ Конвенцийн зорилго нь хүний эрүүл мэнд болон байгаль орчныг аюултай зарим химийн бодисын хор хөнөөлөөс хамгаалах, тэдгээрийг зохистой ашиглахад хувь нэмэр оруулахын тулд уг бодисуудын тодохойлолтын талаар харилцан мэдээлэл солилцох, импортлох болон экспортлох асуудлыг үндэсний түвшинд шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж гарсан шийдвэрийг Талуудад хүргэх замаар аюултай зарим химийн бодисыг олон улсын хэмжээнд худалдаалахад Талуудын хүлээх хамтын хариуцлага болон хамтран ажиллах хүчин чармайлтыг дээшлүүлэхэд оршино.

Манай улс конвенцид нэгдэн орохоор 1998 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гарын үсэг зурсан. Улмаар энэ конвенуид нэгдэн орох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулан шийдвэрлүүлж, УИХ-*д өргөн мэдүүлснээр 2000 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын УИХ соёрхон баталж Монгол Улсын хууль гаргасан болно.

  1. Биологийн төрөл зүйлийн тухай конвенци /НҮБ-ын суурь/ ба Биологийн төрөл зүйлийн тухай конвенцийн био аюулгүй байдлын тухай Картагений протокол

Биологийн төрөл зүйлийг хамгаалах тухай конвенцид Монгол Улс 1992 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зурж, 1993 оны 6 дугаар сарын 1-ний өдөр УИХ-аар соёрхон баталж, 9 дүгээр сарын 30-ны өдөр нэгдэн орсон байна. 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тус конвенци нь хүчин төгөлдөр болсон байна.

Энэхүү Конвенцийн зорилго нь түүнд туссан заалтуудын дагуу биологийн төрөл зүйлийг хамгаалах, түүний бүрэлдэхүүн хэсгийг тогтвортой ашиглах, генетикийн нөөцийг ашиглуулах, холбогдох технологийг дамжуулж эзэмшүүлэх, санхүүжүүлэх замаар уг нөөцийг эрхзүйн дагуу шудрага тэгш үндсэн дээр хамтран үр ашигтай ашиглах явдал юм.

Энэхүү конвенцийн хэрэгжилтийн хүрээнд Биоаюулгүй байдлын Картагены протоколыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Биоаюулгүй байдлын асуудлыг зохицуулах Үндэсний гүйцэтгэх хорооны бүрэлдэхүүн”, “Биоаюулгүй байдлын асуудлыг зохицуулах Үндэсний гүйцэтгэх хорооны дүрэм”, “Амьд хувиргасан организч, түүнийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг улсын хэмжээнд хянаж, бүртгэх журам” болон Засгийн газрын тогтоолын төслүүдийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар боловсруулав.

  1. Ган цөлжилтөнд ноцтой нэрвэгдэж буй орнуудын болон ялангуяа Африкийн цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн конвенци /НҮБ-ын суурь/

Энэхүү Конвенцийн зорилго нь нэрвэгдэж буй бүс нутагт тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн “ХХ1 зууны мөрийн хөтөлбөр”-т нийцүүлэн цогцолбор үйл ажиллагааны хүрээнд олон улсын хамтын ажиллагаа, түншлэлийн талаархи хэлэлцээрүүдийн дагуу бүх түвшинд үр дүнтэй арга хэмжээ авах замаар ган, цөлжилтэд ноцтой нэрвэгдэж буй орнууд, ялангуяа Африкт цөлжилтэй тэмцэх, гангийн нөлөөг бууруулах, тэмцэл явуулахад оршино.

Монгол Улс 1996 оны Цөлжилттэй тэмцэх Олон улсын Конвенцид нэгдэн орж Цөлжилттэй тэмцэх анхны үндэсний хөтөлбөрийг 1996 онд батлуулсан. Энэхүү хөтөбөлрийг 2003 анд дахин шинэчилж байталсан ба 2009 онд 3 дахь шинэчлэлийг боловсруулан батлуулахаар бэлдэж байна. Монгол Улсын засгийн газраас Цөлжилттэй тэмцээхд олон улсын байгууллага болон хандивлагч орнуудын тусламж дэмжлэг авах, хамтын ажиллагаа хөгжүүлэх стратегийг баримталж, НҮБХХ, НҮБ-ийн хүрээлэн буй орчны хөтөлбөр, Цөлжилттэй тэмцэх конвенцийн нарийн бичгийн дарга нарын газар, Щвейцарийн хөгжлийн хөтөлбөр зэрэгтэй нягт хамтран ажиллаж байна.

  1. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протокол /НҮБ-ын суурь/

2005 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Киотогийн протокол албан ёсоор хүчин төгөлдөр болсон. Киотогийн протоколийн дагуу хөгжсөн орнууд хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах үүрэг хүлээдэг бөгөөд 2008-2012 он гэхэд агаар бохирдуулагч олон янзын хийнүүдийн ялгаралтыг 1990 оны түвшинд хүртэл бууруулах зорилгыг тавьсан байна. Монгол улс шиг хөгжиж байгаа улс орнууд шинжлэх ухаан, техникийн тэргүүний ололт бүхий өндөр өртөгтэй технологийг хөрөнгө зардалгүйгээр, бохир хийн ялгарлаа багасгах замаар хүлээн авч, энэ үйл ажиллагаанд оролцох боломжийг уг протокол нээж өгсөн юм.

  1. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенци

Энэхvv Конвенц болон тvvнд оролцогч Талуудын Бага хурлаас батлан гаргаж болох эрх зvйн баримт бичгvvдийн эцсийн зорилго нь хийн мандал дахь хvлэмжийн хийн агууламжийг уур амьсгалын тогтолцоонд хvний vйл ажиллагааны улмаас нөлөөлж болох эгзэгтэй тvвшинд хvрэхээргvйгээр тогтворжуулахад чиглэсэн Конвенцийн холбогдох заалтуудыг хэрэгжvvлэхэд оршино. Энэ тvвшинд эдийн засгийн цаашдын тогтвортой хөгжлийг хангах, хvнс тэжээлийн vйлдвэрлэлийг аюулд учруулахааргvй, уур амьсгалын өөрчлөлтөнд экологийн тогтолцооны байгалийн нөхцөлд дасан зохицоход хангалттай тийм хугацаанд хvрэх ёстой.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенци 1994 оны 3 дугаар сарын 21-нд хүчин төгөлдөр болсон. Монгол улс 1993 оны 9 дүгээр сарын 30-нд нэгдэн орсон бөгөөд Монгол улсын Засгийн газрын 1999 оны 31 дүгээрх тогтоолоор конвенцийн хэрэгжилтийг хянах, үндэсний хэмжээний үйл ажиллагаа болон олон улсын хамтын ажиллагааг зохицуулах үүрэг бүхий уур амьсгалын үндэсний хороог байгуулж ажиллаж байна.

  1. Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах Боннын конвенци

1972 онд хуралдсан НҮБ-ын “Хүн ба байгаль орчин” бага хурлаас улс гүрнүүдийн үндэсний хил дамжиж нүүдэллэдэг зарлаг амьдтыг хамгаалахад улс орнууд хамтрач ажиллах шаардлагатай байгаа талаар гаргасан зөвлөмжийн дагуу зэрлэг амьтдын үр төлөө гаргадаг газар нутгийн хэмжээ хумигдах, тэдгээрийг нүүдэллэх замд нь их хэмжээгээр агнах, хоол тэжээлээ олж иддэг нутаг нь хүний үйл ажиллагааны улмаас доройтох зэрэг олон төрлийн аюулаас сэргийлэх арга хэмжээ авахын тулд уг конвенцийг боловсруулан 1979 онд батлан гаргасан.

Монгол улсын Их хурал 1999 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах Боннын конвенцийг хүлээн зөвшөөрч, түүнд манай улс нэгдэн орсныг соёрхон баталсан монгол Улсын хууль баталсан.

  1. Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенци /РАМСАР/

Хэлэлцэн тохирогч Тал бүр ус, намгархаг газар болон усны шувуудын хамгаалалтыг сайжруулах үүднээс тухайн газар Жагсаалтад орсон эсэхээс үл хамааран тэдгээрийг байгалийн нөөц газар бий болгон зохих хамгаалалтаар хангахад оршино.

Ус намрагхаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенуи нь Каспийн тэнгисийн өмнөд эрэг дээр орших Иран улсын Рамсар хотод 1971 оны 3 дугаар сарын 2-нд байгуулагдсан. Ийнхүү энэ конвенци нь Рамсарын конвенци нэрээрээ дэлхий дахинд нэрлэгдэж ирсэн.

1998 оны 6 дугаар сарын 5-ны өдөр УИХ-аас Рамсарын конвенцид нэгдэн орох тухай хууль батлан гаргасан бөгөөд манай улс уг конвенцид 1998 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр албан ёсоор нэгдэн орсон. Уг конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдон конвенцийн Монголын үндэсний хороог байгуулан ажиллаж байна. Тус конвенцид нийт 11 ус намгархаг газар бүртгэгдээд байна.

  1. Хүн ба шим ертөнц хөтөлбөр

Монгол орны байгалийн унаган төрхийг аладгдуулахгүйгээр хамгаалах нь дан ганц манай улсын төдийгүй бүс нутгийн орнуудын ашиг сонирхолд бүрэн нийцэх учраас байгаль орчныг хамгаалах, олон талт хамтын ажиллагааны аливаа хэлбэрийг ямагт дэмжиж ирсэн. Зүүн хойд азийн орнуудын хувьд энэ чиглэлийн олон талт хамтын ажиллагааны хэлбэр нь ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал- хөтөлбөр юм.

Манай Улс 1990 оноос эхлэн ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал”- хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож ирсэн бөгөөд Хүн ба шим мандлын нөөц газрын хүрээнд 5 газрыг бүртгүүлээд байна.

Монголын “Хүн ба шим мандал”-ын үндэсний хороо нь ТХГН-ийн тухай, ТХГН-ийн орчны бүсийн тухай болон байгаль чорны бусад хууль тогтоомж, УИХ-аар батлагдсан ТХГН-ийн тухай үндэсний хөтөлбөр, Монгол улсын үндэсний хөгжлийн үзэл баримтлал, ЮНЕСКО-гийн “Зүүн азийн орнуудын ээлжит хурлаас гаргасан зөвлөмжид тулгуурлан үйл ажиллагаа явуулж байна.

  1. Далайн халим агнуурыг зохицуулах конвенци

1937 оны 6 дугаар сарйн 8-нд Лондон хотноо гарын үсэг зурсан Халим агнуурыг зохицуулах тухай Олон улсын гэрээ, 1938 оны 6 дугаар сарын 24-нд болон 1945 оны 11 дүгээр сарын 26-нд Лондон хотноо гарын үсэг зурсан дээрх Гэрээний хавсралт протоколуудын заалтуудад тодорхойлсон зарчмуудыг үндэслэн, халимны сүргийг зүй зохистой, үр дүнтэй хамгаалалт, өсөлтийг хангах үүднээс халим агнуурын олон улсын зохицуулалтын систем байгуулахыг зорьж энэхүү конвенцийг баталсан байна. Манай улс тус конвенцид 2002 оны 5 дугаар сарын 16-нд нэгдэн орсон.

  1. Биологийн олон янз байдлын тухай Конвенцийн Генетик нөөцийн ашиглалт, түүнээс гарах үр шим, ашгийг харилцан тэгш, шударга хуваарилах тухай Нагоягийн Протокол
  2. Биоаюулгүй байдлын тухай Картагены Протоколын Хариуцлага тооцох ба хохиролгүй болгох тухай Нагоя-Куала Лампурын Нэмэлт Протоколд нэгдэж орох тухай асуудлыг боловсруулан ЗГ болон УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцүүлэн дэмжүүлэв.Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Энхцэцэг 1 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн “Биологийн олон янз байдлын тухай Конвенцийн Генетик нөөц болон тэдгээрийг ашигласнаас үүдэх үр ашгийг шударга, эрх тэгш хуваарилах тухай Нагоягийн Протокол” болон “Био аюулгүй байдлын тухай Картагены Протоколын Хариуцлага ба хохиролгүй болгох тухай Нагоя-Куала Лумпурын нэмэлт Протокол”-д тус гарын үсэг зурсан.

Ингэснээр манай улс “Биологийн олон янз байдлын тухай Конвенцийн Генетик нөөц болон тэдгээрийг ашигласнаас үүдэх үр ашгийг шударга, эрх тэгш хуваарилах тухай Нагоягийн Протокол”-д нэгдэж, гарын үсэг зурсан 81 дэх орон болсон юм.  УИХ-ын чуулганы 2012 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Биологийн олон янз байдлын тухай Конвенцийн Генетик нөөц болон тэдгээрийг ашигласнаас үүдэх үр ашгийг шударга, эрх тэгш хуваарилах тухай Нагоягийн Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийг батлуулаад байна.

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

2014 ОН

Бусад хуудас