КОНВЕНЦУУДЫН ҮНДЭСНИЙ ТАЙЛАН, ТӨЛӨВЛӨГӨӨГ САЙДЫН ЗӨВЛӨЛӨӨР ХЭЛЭЛЦЭВ

2026.02.25

Монгол Улс байгаль орчны чиглэлийн 17 олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орж, Улсын Их Хурлаар соёрхон баталснаар үндэсний хэмжээнд хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Үүнд, Биологийн олон янз байдлын тухай конвенц, Картагены протокол, Нагоягийн протокол, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенц зэрэг олон улсын эрх зүйн баримт бичгүүд багтдаг.

Эдгээр конвенц, протоколын хүрээнд 2026 онд олон улсын байгууллагуудад хүргүүлэх үндэсний тайлангийн төслүүдийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанаар хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн санал, дүгнэлт, зөвлөмжийг авлаа.

Тус хуралдаан 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд зохион байгуулагдаж, дараах асуудлуудыг хэлэлцэв.

Тодруулбал

✅Биологийн олон янз байдлын тухай конвенцын Үндэсний VII тайлан

✅Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө

✅Картагены протоколын V тайлан

✅Нагоягийн протоколын анхдугаар тайлан

✅Генетик нөөц болон уламжлалт мэдлэг ашигласны үр шимийн төлбөрийн тухай хуулийн төслийн танилцуулга

✅Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцын тайланг хэлэлцлээ.

Хуралдааны үеэр дээрх тайлан, бодлогын баримт бичгийн агуулга, хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудал, цаашдын зорилтын талаар илтгэлүүд танилцуулагдаж, оролцогчид санал солилцлоо.

Түүнчлэн Биологийн олон янз байдлын тухай конвенцыг хэрэгжүүлэх зорилгоор Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл хангаж буй талаар танилцуулсан юм.

Мөн “Генетик нөөц болон генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашигласнаас үүдэх үр ашгийн төлбөрийн тухай” хуулийн төслийг Засгийн газарт өргөн мэдүүлэхтэй холбогдуулан төслийн үзэл баримтлал, зохицуулалтын онцлогийг танилцуулж, зөвлөлийн гишүүдийн саналыг авч тусгах ажлыг зохион байгууллаа.

Үндэсний тайлан нь Монгол Улс конвенцуудын өмнө хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн, хүрсэн үр дүн, тулгамдсан асуудал, цаашдын зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээг нэгтгэн дүгнэж тайлагнах ач холбогдолтой баримт бичиг бөгөөд олон улсын хамтын ажиллагаа, техникийн болон санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй юм.

Хэлэлцүүлгийн үр дүнд зөвлөлийн гишүүдийн өгсөн санал, зөвлөмжийг тайлан болон холбогдох бодлогын баримт бичгүүдэд тусган сайжруулж, Монгол Улсын нэгдсэн байр суурийг олон улсын түвшинд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.