МОНГОЛ-ГЕРМАНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2025.11.28

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, ХБНГУ-ын ЭСЯ, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (GIZ)-ын төлөөлөгчидтэй 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр уулзалт хийлээ.

Уулзалтад ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хамтын ажиллагааны хэлтсийн дарга Удо Вэйбер, GIZ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Юрген Хатвиг, Байгаль орчны төслүүдийн зохицуулагч Бастиан Флюри нар оролцсон бөгөөд талууд хамтын ажиллагааны хүрээнд санал солилцов.

Тухайлбал;

• Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн 2, 3-р үе шат

• Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын бага хурлын (COP17) бэлтгэл ажил

Эдгээр асуудлаас гадна хоёр тал байгаль орчныг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг нэмэгдүүлэх, ой болон байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр олон жилийн туршид амжилттай хамтран ажиллаж ирснийг онцлон тэмдэглэв.

Уулзалтын үеэр Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогоо олон улсын туршлага, дэмжлэгтэй уялдуулан хэрэгжүүлэх чухлыг тодотгож, GIZ-ын төлөөлөгчид Монголын байгаль орчны салбар дахь хамтын ажиллагаагаа цаашид улам гүнзгийрүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв.

Энэхүү уулзалт нь хоёр талын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн хамтын ажиллагааг улам бататгах, тодорхой төслүүдийн хэрэгжилтийг ахиулахад чухал ач холбогдол бүхий тодорхой ахиц гаргах суурь алхам боллоо.