Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Азийн хөгжлийн банктай хамтран “Нүүрстөрөгчийн үнийн тогтолцоо ба нүүрстөрөгчийн бүртгэл” сэдэвт сургалтыг 2026 оны 4 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Уг арга хэмжээний хүрээнд Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх, нүүрстөрөгчийн үнийн тогтолцоог нэвтрүүлэх, үндэсний бүртгэлийн системийг бүрдүүлэх чиглэлээр бодлого, техникийн түвшний хэлэлцүүлгийг өрнүүлж байна.
Монгол Улс Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC 3.0)-ээ шинэчлэн баталж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дасан зохицох зорилтуудыг тодорхойлсон. Энэ хүрээнд уур амьсгалын бодлогын хэрэгжилтийг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, институцийн чадавхыг бэхжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү хууль батлагдсанаар нүүрстөрөгчийн зах зээлийн эрх зүйн орчин цогцоор бүрдэх суурь тавигдах юм.
Семинарын хүрээнд дараах үндсэн чиглэлүүдэд нарийвчлан хэлэлцэнэ. Үүнд:
Бэлчээрийн экосистемд суурилсан нүүрстөрөгчийн шингээлт, санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх;
Нүүрстөрөгчийн үнэлгээний шаталсан, салбарчлагдсан аргачлалыг үе шаттай нэвтрүүлэх;
Үндэсний нүүрстөрөгчийн бүртгэлийн системийг хөгжүүлж, ил тод, давхар тооллогоос ангид тогтолцоог бүрдүүлэх.
Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Бэлчээрийн нүүрстөрөгчийн нөхөн сэргээлтийн төсөл”-ийн хүрээнд аргачлал, хяналт-баталгаажуулалтын тогтолцоог боловсруулж байгаа бөгөөд уг ажлын эхлэлийг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр олон улсад танилцуулахаар төлөвлөж байна.