Дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт, ган, үер нэмэгдэж, хил дамнасан усны маргаан, цэвэр усны хомсдол үүсч буй энэ үед эдгээр асуудлыг улс орнууд тус тусдаа шийдэх боломжгүй бөгөөд Усны хомсдол, бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг улс орнууд нэгдэж хамтдаа шийдэх, Улс хоорондын гол мөрөн, усны нөөцийг зөв зохицуулах, Олон улсын нэгдсэн байгууллага байгуулах боломжийг судлах, Санхүүжилт, бодлого, технологийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой Олон улсын Усны байгууллага байгуулах зөвлөлдөх уулзалт Казахстан улсын Астана хотод RES2026-ын хүрээнд зохион байгуулагдлаа.
Дэд сайд Б.Мөнхтамир уулзалтын үеэр хэлсэн үгэндээ: Монгол Улсын зүгээс Олон улсын Усны байгууллага байгуулах санал нь бодит үндэслэлтэй, чухал санаачилга гэж үзэж байна. Тус байгууллага нь НҮБ-ын систем болон олон улсын оролцогч талуудын улдаа холбоог сайжруулах, олон улсын усны засаглалыг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах боломжтой.
Мөн усны байгууллага нь бодит хэрэгжилттэй, хүртээмжтэй, улс орнуудын онцлог нөхцөлд нийцсэн байх нь чухал. Олон улсын механизм, санаачилгуудыг давхардуулах бус, тэдгээрийг нөхөж, бэхжүүлэх зарчмыг баримтлах, оролцооны тэнцвэр, хүртээмжийг хангах шаардлагатай.
Түүнчлэн Олон улсын Усны байгууллага байгуулах санал нь Монгол Улс ирэх наймдугаар сард зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын 17 дугаар Талуудын бага хурлын /СОР17/ үеэр дэвшүүлэх “Тал хээрийн төлөвлөгөө” буюу түүний хүрээнд “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежмент”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц” гэсэн санаачилгуудтай уялдаж, бодит хэрэгжилтийг урагшлуулах боломжийг бүрдүүлж байна гэж үзэж байна. Тиймээс Монгол Улс энэ үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, үр дүнтэй, хүртээмжтэй, хэрэгжилтэд чиглэсэн байгууллага байгуулахад өндөр оролцоотой байна” гэдгийг онцоллоо.