STREAM+ ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ II ХУРАЛДААН БОЛЛОО

2026.04.08

Европын Холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны хамтарсан санхүүжилттэй, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) хамтран хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM+) төслийн Удирдах хорооны II хуралдаан өнөөдөр (2026.04.08) боллоо.

Хуралдааныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хельмут Кулитц нар нээж үг хэлэв.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир нээлтийн үгэндээ, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт, биологийн олон янз байдлын хомсдол зэрэг олон талт сорилттой нүүр тулж байгааг онцлон, газар ашиглалтын нэгдсэн менежментийг бэхжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах нь тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглэлээ. Мөн байгалийн нөөцийг зөв зохистой ашиглах, ойн салбарын тогтвортой менежментийг хөгжүүлэх, нэмүү өртгийн сүлжээг бий болгон эдийн засгийн эргэлтэд оруулах, орон нутгийн хөгжил, иргэдийн амьжиргааг дэмжих бодлогыг эрчимжүүлэх шаардлагатайг дурдав.

Түүнчлэн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах нь урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь нөхцөл болохыг онцолж, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) эх орондоо зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгааг дурдаж, энэ нь газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, санаачилгыг олон улсын түвшинд таниулах чухал боломж болохыг тэмдэглэв.

Хурлын үеэр төслийн 2025 оны хэрэгжилтийн явц, хүрсэн гол үр дүнг танилцуулж, 2026 оны жилийн ажлын төлөвлөгөө, цаашид хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааг Удирдах хорооны гишүүд хэлэлцэн санал солилцов. Мөн төслийн хэрэгжилтийн хүрээнд тулгамдаж буй асуудал, үр нөлөөг нэмэгдүүлэх боломж, дараагийн алхмуудыг тодорхойллоо.

Удирдах хорооны хуралдаан нь төслийн хэрэгжилтийг дүгнэхээс гадна салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой юм.