Дэлхийн улс орнууд байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, хаягдлыг бууруулах, дахин ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор уламжлалт шугаман эдийн засгийн загвараас татгалзан, тойрог эдийн засгийн тогтолцоонд шилжиж байна. Энэхүү шинэ хандлага нь нөөцийг хэмнэлттэй ашиглах, урт хугацаанд тогтвортой үнэ цэнэ бий болгох бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэж байна.
Энэ хүрээнд Монгол Улсад, ялангуяа аялал жуулчлалын салбарт тойрог эдийн засгийн зарчмыг нэвтрүүлэх, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх зорилготой “Зүүн Азид жендэрийн тэгш байдлыг эрчимжүүлж, хүртээмжтэй, ногоон сэргэлтийг дэмжих төсөл (RETA6883)” -ийг Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамны захиалгаар, Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэйгээр 2022 оны 11 дүгээр сараас хойш амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд хийсэн гол ажлуудыг тоймлон хүргэж байна.
Бодлогын үнэлгээ – Тойрог эдийн засгийг дэмжих хууль, бодлого, стратегийн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх боломж, тулгамдсан асуудлыг тодорхойлов.
Чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа – Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хэрэгцээнд үндэслэн сургалт, менторын хөтөлбөрийг зохион байгуулж, нийт 421 эмэгтэй бизнес эрхлэгчийг хамруулав. Үүнээс 16 шилдэг бизнес төсөл шалгарч, тус бүр 9,000 ам.долларын тоног төхөөрөмжийн дэмжлэг хүртлээ.
Олон улсын туршлага судлах – Тойрог эдийн засгийн чиглэлээр амжилттай туршлага хэрэгжүүлж буй КАРЕК-ийн орнуудтай виртуал уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, мэдлэг, туршлага солилцов. Мөн туршлага судлах аяллыг БНХАУ-ын Хонг Конг болон Шэньжэнь хотуудад зохион байгууллаа.
Энэхүү төсөл нь аялал жуулчлалын салбарт ногоон, тогтвортой бизнесийн загварыг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан бөгөөд санхүүжүүлэгч Азийн Хөгжлийн Банк болон хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын (IRIM, ToC, DS) хамт олонд талархал илэрхийлье.
ЦОГЦ ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГУУД:
Ногоон ба тойрог эдийн засгийн цогц үнэлгээний тайлан
Цогц үнэлгээний тайлангийн хураангуй хувилбар
Аялал жуулчлалын салбарт тойрог эдийн засгийг ахиулах нь: Мэдлэгийн бүтээгдэхүүн