УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА, УСНЫ САВ ГАЗРЫН ЗАХИРГААДЫН АЛБАН ХААГЧ НАРТАЙ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026.02.06

Байгаль орчны улсын хяналтын газраас Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 184 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Салбарын хяналт шалгалтын төлөвлөгөө”-ний дагуу 2026 онд хэрэгжүүлэх урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон усны сав газрын захиргаадын албан хаагч нартай цахим уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтад байгаль орчны хяналтын улсын (ахлах) байцаагч зэрэг 81 эрх бүхий албан тушаалтан оролцож, 2025 онд хийж гүйцэтгэсэн хяналт шалгалтын тайлан, 2026 оны салбарын хяналт шалгалтын бодлого, зохион байгуулалт, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл авч, санал солилцов. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Амьтны тухай хууль, Усны тухай хууль, Хог хаягдлын тухай хууль болон холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангах асуудлыг хэлэлцлээ.

Тусгай хамгаалалттай газрын захиргаа болон усны сав газрын захиргаадын эрх бүхий албан тушаалтнуудын хэрэгжүүлж буй байгаль орчны хяналт шалгалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд заасан байгалийн баялаг нь ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх зарчмыг хэрэгжүүлэх, төр, нийтийн эрх ашиг, байгалийн нөөцийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

2025 онд улсын байцаагчид байгаль орчны хяналт шалгалтаар зөрчил, дутагдал гаргасан 630 иргэн, аж ахуйн нэгжид нийт 4.4 тэрбум төгрөгийн хохирол, нөхөн төлбөр оногдуулсан байна. Нөхөн төлбөрийн дийлэнх хувийг ус, ан амьтан, хаягдал ус, хог хаягдал, ойн нөөцийн хяналтын чиглэлээр оногдуулжээ.

Цахим уулзалтын үеэр оролцогчдоос байгаль орчны хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх, улсын байцаагчдын ажиллах нөхцөл, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх асуудлаар бодлогын түвшинд анхаарах санал, зөвлөмжүүдийг дэвшүүллээ.