Аймаг, нийслэлийн байгаль орчны салбарын биологийн олон янз байдал хариуцсан мэргэжилтэн, улсын байцаагчдыг чадавхжуулах сургалт өнөөдөр (2026.04.23) эхэллээ.
Сургалтын нээлтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр оролцож, үг хэлэхдээ “Биологийн олон янз байдлын хамгаалал бол зөвхөн бодлогын баримт бичиг биш, орон нутагт бодитоор хэрэгжих ёстой ажил” хэмээн онцоллоо.
Тэрбээр Монгол Улс олон улсын конвенц, үндэсний бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах дараагийн шатанд шилжиж буй энэ үед орон нутгийн чадавхыг бэхжүүлэх нь хамгийн чухал зорилт болж байгааг тэмдэглэж, салбарын мэргэжилтэн, улсын байцаагчдын үүрэг, оролцоо бодит үр дүнд шууд нөлөөлдөг гэдгийг тодотгов.
Тус сургалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас зохион байгуулж байгаа бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр-ийн “Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги, төлөвлөгөөний шинэчлэлт болон Үндэсний VII тайлан бэлтгэн гаргах үйл ажиллагааг дэмжих” төсөл, “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга (БИОФИН)” төсөл II шат, Wildsheep Foundation, Аргал агнуур судлалын төв ТББ зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Сургалт нь орон нутагт биологийн олон янз байдлын бодлого, хууль эрх зүйн хэрэгжилтийг сайжруулах, мэдээллийн солилцоог нэмэгдүүлэх, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэхэд чиглэж байна.
Сургалтын зорилгын хүрээнд амьтан, ургамлын хамгаалал, ашиглалтын асуудал хариуцан ажиллаж буй байгууллагуудын чадавхыг дээшлүүлэх, тусгай зориулалтын агнуурын дуудлага худалдааны цахим системийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, мөн холбогдох хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд мэргэжилтнүүдийн саналыг тусгах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах юм.
Энэ удаагийн сургалтад МУИС-ийн профессор, доктор Ө.Баярсайхан, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Энхбилэг, МУИС-ийн профессор Р.Самъяа, С.Гомбобаатар зэрэг салбарын судлаач, эрдэмтэд оролцож, бодлого, шинжлэх ухааны уялдааг хангах чиглэлээр илтгэл хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Мөн сургалтын хүрээнд зэрлэг амьтдын тархац, нүүдлийн коридор хамгаалалт, нөхөн сэргээх асуудал, хүн-зэрлэг амьтны зөрчил, улаан дансны үнэлгээ, байгаль орчны зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг орон нутагт тулгамдаж буй бодит асуудлуудыг хэлэлцэж байна.
Сургалт 2026 оны 4 дүгээр сарын 24-нийг дуустал үргэлжилнэ.