БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар энэ сарын 16-ны өдөр Баянхонгор аймагт ажиллалаа. Энэ үеэр Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхантай уулзаж, аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханы зүгээс “Баянхонгор аймаг энэ жил зуншлага сайтай байна. Тиймдээ ч өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 1000 орчим га талбайг хадланд зориулж бэлдсэн. Ингэснээр өвөлжилтийн бэлтгэл харьцангуй сайн хангагдах нөхцөл бүрдээд байна. Баянхонгор аймагтай залгаа Говь-Алтай, Архангай аймгийн зарим сумд цаашлаад Завхан аймгуудад зуншлага тааруу учраас өвөлдөө отор нүүдлийн цуваа ихсэх хандлагатай байгаа” гэлээ.
Мөн аймгийн хэмжээнд “Алт-3” аяны хүрээнд уул, уурхайн үйл ажиллагаа идэвхижиж байгаатай холбогдуулан байгаль орчны асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгаа асуудлаар салбарын сайдад танилцуулж, санал солилцлоо.
Энэхүү уулзалтын дараа Б.Батбаатар сайд салбарын албан хаагчидтай уулзалт хийлээ.
ИХ БОГДЫН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА Б.БАТ-ӨЛЗИЙ: 262111 ГА ТАЛБАЙГ ХАРИУЦАН АЖИЛЛАЖ БАЙНА.
Аймгийн хэмжээнд нийт газар нутгийн 22.6 хувь нь Тусгай хамгаалалттай газар байдаг. Байгаль хамгаалагчид, мэргэжилтнүүдийн хувьд судалгаа шинжилгээ хийх төсөв мөнгө хомс байна. Одоогоор Их Богд ууланд нийт 60 камер суурилуулж ирвэс болон бусад төрлийн амьтдын судалгаа бүртгэлийг хамгаалалтын захиргаанаас хийж байна. Ингэснээр байгаль хамгаалагчдын ажлын ачаалал харьцангуй сайжирсан ч цогцолборт газруудад хууль бусаар ашигт малтмал олборлох, ховор ургамал түүх, ан амьтан агнах зэрэг зөрчлүүд гарч байна. Цаашид байгаль орчны иж бүрэн судалгаа хийх зайлшгүй шаардлагатай байна.
БӨӨНЦАГААН-ОРОГНУУРЫН САВ ГАЗРЫН ДАРГА Ц.НЯМ-ОЧИР: ДӨРВӨН АЙМГИЙН 26 СУМ 97 БАГИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙГ ХАМАРЧ БАЙНА.
Уур амьсгалын өөрчлөлтийг дагаад горхи, нууруудын урсац эрсдэлд орж байна. Тиймээс нууруудад нарийвчилсан судалгаа хийх, хөв цөөрөм байгуулах төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн булаг, рашаан дагасан сувилалууд, уул уурхай эрхлэгч ААН-дийн нөлөөг бууруулахад анхаарал хандуулах хэрэгтэй байна.
АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗРЫН ДАРГА Э.ГАНЗОРИГ: АЙМГИЙН ХЭМЖЭЭНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР БОЛОВСОН ХҮЧИН ДУТМАГ, ОЛДОЦ МУУДСАН ТУЛ ТУСГАЙЛАН БОДЛОГЫН АРГА ХЭМЖЭЭ АВАХ ШААРДЛАГАТАЙ.
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс бүрдүүлж буй мөнгө уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэг ч төгрөг буцаан энэ салбарт зарцуулагдахгүй байна. Улсын төсөвт шилжин замхарч байгаа учраас байгаль орчны салбараас бүрдүүлж байгаа төсөв мөнгийг байгаль орчинд нь буцаан зарцуулдаг болох нь чухал байна.
УЦУОШТ-ИЙН УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ИНЖЕНЕР Г.МӨНХЦЭЦЭГ: Цаг уурчид цаг агаарын урьдчилан мэдээлэл бэлтгэх, нисэх байгууллагыг мэдээллээр хангах зэрэг ажлын нөхцөл байдлын хувьд 24 цагийн ажиллагаатай, цаг агаарын ямар ч нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэдэг онцлогтой. Цаг уурчид эрүүл мэндийн ноцтой үр дагаврууд дунд ажилладаг ч нийгмийн асуудал орхигдож байна. Цаг уурын албан хаагчид таван жилийн тэтгэмж авдаггүй ганц салбар. Хууль эрх зүй хуучирсан 1990 оны хуулиар зохицуулагдаж байна. Тиймээс таван жилийн нэмэгдэлд анхаарч, хууль эрх зүйн орчныг сайжруулахап анхаарч өгөхийг хүсье. Боловсон хүчин тутагдалтай, хүний нөөцийн бодлого алдагдсан. Орон нутагт мэргэжлийн боловсон хүчин ирж ажиллах нь багассаар байна.
Уулзалтын төгсгөлд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарын зүгээс “Ус цаг уурын байгууллагын албан хаагчдын таван жилийн нэмэгдэлтэй холбоотой эрх зүйн хүрээнд боловсруулалт хийхээр ажиллаж байна. Хувцас хэрэглэлээр бүрэн хангах, чанартай хувцасаар хангах чиглэлд төсвийн боломжийг бүрдүүлэх чиглэлд ажиллаж байна. Мөн Байгаль орчны салбараас бүрдүүлж байгаа төсөв мөнгөний тодорхой хувь хэмжээг салбарт нь буцаан зарцуулдаг болох бодлогыг боловсруулахаар ажиллаж байна. Ер нь орон нутаг дахь албан хаагчид дэвшүүлсэн асуудалтай холбогдуулан салбарын бүх албан хаагчдыг хамруулсан санал асуулга явуулж байгаа. Санал асуулгын дүнд салбарын асуудлуудыг эрэмблэн тулгамдсан асуудлуудыг цэгцлэх бодлого баримтална” гэлээ.