ЗАМ, ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС БАЙГАЛЬ ОРЧИН, ЗЭРЛЭГ АМЬТНЫ НҮҮДЛИЙН ЗАМ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨГ БУУРУУЛАХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2026.01.22

ЗАМ, ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС БАЙГАЛЬ ОРЧИН, ЗЭРЛЭГ АМЬТНЫ НҮҮДЛИЙН ЗАМ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨГ БУУРУУЛАХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн экспорт болон эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах шугам зэрэг шугаман дэд бүтцийн хөгжил хурдацтай өрнөж байна. УИХ-ын 2024 оны 64 дүгээр тогтоолоор баталсан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д 5000 км гаруй төмөр зам, 6000 км гаруй авто зам барихаар төлөвлөсөн. Эдгээр бүтээн байгуулалтууд нь эдийн засгийн боломжийг нэмэгдүүлж байгаа хэдий ч байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах төлөвлөлт хангалтгүй байх тохиолдол элбэг байна. Үүний улмаас цагаан зээр, хулан, хар сүүлт зээр, янгир, аргаль зэрэг өргөн уудам нутагт нүүдэллэдэг амьтдын амьдрах орчин хуваагдаж, шилжилт хөдөлгөөн нь хязгаарлагдан, алсдаа тухайн зүйл амьтдын тогтвортой байдал нь алдагдах аюул тулгарч байна. Энэ асуудлыг олон улсын туршлагууд, манай судлаачдын хийсэн судалгааны үр дүнгүүд нотолсоор байна.

Цаашид одоогийн авто болон төмөр замуудын нөлөөллийг бууруулах, Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бодлогод тусгагдсан авто замууд болон төмөр замуудыг зэрлэг амьтанд ээлтэйгээр төлөвлөх, бүтээн байгуулах шаардлагатай учраас БОУАӨ-н сайд болон ЗТ-ийн сайд нарын хамтарсан 2026 оны 01-р сарын 13-ны өдрийн А/23/09 дугаартай тушаалаар салбар хоорондын ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ахлан ажиллахаар шийдвэрлэсэн.

Өнөөдөр уг ажлын хэсгийн хурлаар дараах арга хэмжээг 2026 оны төлөвлөгөөнд тусгахаар хэлэлцэв.

-Хууль эрх зүйн орчныг сайжруулах, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох талаар Амьтны тухай хууль болон холбогдох хуулийн төсөлд санал оруулах

-Шугаман дэд бүтцийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний аргачлалыг боловсронгуй болгох,

-Одоогийн хийсэн төмөр замуудын гүүрэн гарц, нүхэн гарцын үр дүнд судалгаа хийх, судалгааны үр дүнд стандартуудыг сайжруулах талаар хэлэлцэх

-Улаанбаатар төмөр замын зарим трассын өргөст торыг стандартад нийцүүлэх ажлыг эхлүүлэх

-Зэрлэг амьтны нүүдэл, шилжилтийн судалгааг хийх,

-Зэрлэг амьтан төмөр замын хөдөлгөөнд саад учруулах эрсдлийг бууруулах зарим арга хэрэгслийг турших

-Олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, нөлөөллийн ажлыг хэрэгжүүлэх

-Төмөр замын зураг, авто замын зураг хийдэг инженер, суралцаж буй оюутнууд, үнэлгээний ажилтнуудыг чадавхжуулах зэрэг олон ажлыг хамтран хийхээр тохирлоо.